Бодит чадвар : Бодит чадвартай иргэн төлөвшүүлэх багшийн сонирхолд

Сурч мэдэхүйн бүтээлч арга замын эрэлд…

“Боловсрол” гэхээр ерөнхийдөө ихэд өргөн хүрээтэй, бас ч төвөгтэй зүйл мэт санагдах нь бий. Ялангуяа манай улсын боловсролд өөдрөг гэхээсээ уруу тал нь илүү давамгайлсаар ирсэн билээ. Үнэндээ боловсролын хэчнээн сайн гүн ухаан байлаа ч гэсэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг.

Боловсролын тухай арай амархнаар бодож үзэцгээе л дээ. Энэ нь эцэг эхийн хувьд “Үр хүүхдээ яаж өсгөвөл тэд маань жаргалтай сайхан амьдрах бол?” гэсэн энгийн асуудал юм. Хувь хүний зүгээс бол “Яавал илүү сайхан амьдрах вэ?” гэсэн асуудал гэж хэлж болно. Түүнчлэн байгууллага, хамт олны хувьд боловсролын асуудал нь “Яавал гишүүн нэг бүрийнхээ чадварыг хөгжүүлж, байгууллагынхаа ажлыг үр дүнтэй сайн байлгах вэ?” гэсэн асуудал юм.

Үүнийг бичигч миний бие материал-инженерээр мэргэшиж, Цөмийн Цахилгааны Хүрээлэнд ажиллаж байхдаа цөмийн цахилгаанд хэрэглэгддэг түлш ба шилдэг цахилгаан дамжуулагч хэмээх шинэ бүтээгдэхүүнийг судалдаг байлаа. Үр хүүхэд, гэр орондоо төдийлөн анхаарал тавьдаггүй, хариуцсан ажилдаа л улайран цаг наргүй зүтгэдэг байсан эрдэмтэн би бээр боловсролын талаар сонирхох болсон нь учиртай.

Хэдэн жилийн өмнө том хүүтэйгээ ярилцаж байхдаа ямар хүн болмоор байгааг нь асуусан юм. Маш энгийн асуулт байсан хэр нь хүү маань юу гэж хариулахаа мэдэхгүй самгардаж, тийм ийм хүн болно гэсэн юм алга гэв. Тэгснээ дээр нь нэмж хэлсэн үг надад туйлын хүнд цохилт болж, амьдралынхаа зүг чигийг өөрчлөх шалтгаан болсон билээ. “Гэхдээ тань шиг л хүн болохгүй”. Тэр мөчийг хүртэл би өөрийгөө хэрэндээ л амжилт дүүрэн, амьдрал тэгш яваа дажгүй эр гэж бодож явсан болохоор туйлын хүнд цохилтонд орж билээ. Арваад жилийн турш хүрээлэнд ажиллахдаа судалгааны ажлууд маань удаа дараа амжилттай болж, тавьсан илтгэл бүр минь салбарынхаа анхаарлыг татаж байсан бөгөөд арав гаруй зохиогчийн эрх авч, хэдэн арван ном бичихээс авахуулаад энд тэнд лекц хүртэл уншиж зав чөлөөгүй явсан миний хувьд энэ биеийн минь тасархай эрх танхил хүү маань “Тань шиг л хүн болохгүй” гэж хэлсэн нь асар хүнд цохилт болохоос ч аргагүй байлаа. Гэвч тэр л үгийн ачаар би гэгч хүн өөрийгөө эргэцүүлэн харахад хүрч, үр хүүхдийнхээ тухай, цаашилбал хүний тухай, бүр цаашлаад боловсролын тухай гүнээ бодоход хүргэсэн юм.

Манай боловсролын доголдолтой тал

“Ямар хүн” болох нь “Боловсрол”-оос шалтгаалдаг. Өнөөгийн бидний дүр төрх өнгөрсөн үеийн боловсролтой хамаатай бөгөөд өнөөгийн боловсролоос ирээдүйн дүр төрх маань шалтгаална.

Чөлөөлөгдсөнөөс хойшхи 50 жилийн туршид манай улсын боловсрол хүнийг боловсруулахын төлөө биш, харин сурагчдын дүнг дээшлүүлэх явдлыг л чухалчилдаг байлаа. Түүний үр дүнд эрдэмтэн, профессоруудыг олноор нь бий болгосон ч эрдэм мэдлэгийн үнэ цэнийг бий болгож чадаагүй юм.

Энэхүү бодит байдлаас харахад манай боловсролд байгаа доголдолтой 2 гол зүйл нь: Нэгдүгээрт: Сурлагын дүн ба бодит чадварын хооронд асар их зөрүү байдаг. Англи хэлний хичээлд өндөр дүн авдаг хэрнээ амьдрал дээр түүнийгээ хэрэглэж чаддаггүй. Тухайлбал : Их дээд сургууль төгссөн байлаа ч гадаад хүнтэй чөлөөтэй ярьж чаддаг хүн тийм ч олон биш. Мөн түүхийн хичээлийн дүн нь өндөр хэрнээ бодит байдал дээр түүхийн ухамсар дутагддаг. Үүх түүхээ, цаг үеэ харах нүдтэй байж, амьдралдаа эзэн болоод явж байгаа хүнийг олоход бэрхтэйн учир энэ.

Хоёрдугаарт: Нийгмийн ёс суртахуун, иргэний төлөвштл хангалттай бус байдаг.

Хичээлдээ сайн дүн авдаг хэрнээ бодит амьдрал дээр ёс суртахууны доголдолтой л байдаг. Биеийн тамирын хичээлд өндөр дүнтэй ч нялцгай сул биетэй, физик химийн хичээлд сайн дүн авдаг хэрнээ судалгаа шинжилгээний ажлын арга барил эзэмшээгүй байх жишээтэй. Иймэрхүү жишээ маш олон. Үнэндээ ийм л маягаар суралцагчийн дүн ба жинхэнэ бодит чадварын хооронд асар их ялгаа гардаг.

Манай боловсролын бас нэг доголдолтой тал бол дунд ба муу дүнтэй сурагчдын хувьд чадвараа дээшлүүлэх боломж олддоггүй явдал юм. Дүнг чухалчилдгаас болж дээгүүр сурлагатай цөөн тооны сурагчдын хүрээнд л хичээл явагдах ба бусад нь дүнгээр муу гэж үнэлэгдээд зогсохгүй дээрээс нь бас ад шоо үзэгдэнэ. Иймэрхүү байдлын улмаас тэдэнд чадвараа дээшлүүлэх боломж олдохгүй байсаар эцэстээ эмгэнэлтэй амьдралд ч хүрч мэднэ.

Энэ мэт доголдолтой талууд нь зөвхөн боловсролын асуудлаар дуусах биш, бүхэл бүтэн нэг хүний амьдралыг эмгэнэлтэй байдалд хүргэж, цаашилбал нийгэм, улс орны маань хүчийг ч сулруулах хор уршигтай.

Боловсрол нь “Ямар хүн болох вэ?” гэдэг зарчимд тулгуурлах ёстой. Гэтэл манай өнөөгийн боловсрол “Ямар хүн болох вэ?” гэдгийг биш, харин “Ямар дүн авах вэ?” гэдгийг чухалчилж байна. Энэ мэтээр “дүн”-г чухалчлах болсон нь “Сайн үнэлгээтэй хүн л жаргалтай амьдарна” гэсэн өрөөсгөл бодлоос улбаатай юм.

Ер нь бид сайн дүнтэй л байх юм бол сайн сургуульд орж, сайн мэргэжил эзэмшиж, нийгэмдээ амжилтад хүрч, жаргалтай сайхан амьдарч чадна гэсэн бодолтой явдаг. Гэтэл үнэндээ сайн сайхан албан тушаалд хүрлээ гээд жаргана гэсэн баталгаа байхгүй. Учир нь хэчнээн өндөр байр сууринд хүрлээ ч тэндээ үүрд тогтоод байх тохиолдол бараг байдаггүй билээ.

Хэний ч амьдралд өөдлөх ба уруудах үе байдаг. Өндөр сайхан суудалд суух үе байхад тэндээсээ үсэрч бүр доор, илүү хэцүү газар очих үе ч бий. Тиймээс өндөр албан тушаалд суухыг л аз жаргал гэж бодох юм бол хэн ч, хэзээ ч жаргалтай байж чадахгүй.

Өөрөөр хэлбэл өндөр суудал, дээд зиндаанд багтахыг л аз жаргалын түлхүүр гэж үзэх юм бол тооны ухаанаар бодсон ч томоохон асуудал үүснэ. Жишээ нь, 100 сурагч байлаа гэж бодъё. Тэднээс дүнгээр эхний 10-т орвол дээд зиндаанд багтана. Бүгд л дээд зиндаанд багтахыг хүсэх бөгөөд хичээвэл болно гэсэн горьдлоготойгоор мэрийнэ. Гэвч 100 сурагчаас эхний 10-т багтах боломж хэдэн хувь билээ? 10% шүү дээ. Хэчнээн нойр хоолгүй зүтгэлээ ч дээд зиндаанд багтах боломж нь 10-хан хувь бөгөөд үлдсэн олонх нь хэчнээн мэрийгээд ч 90%-д багтахаас өөр аргагүй. Үүнээс үзэхэд хэчнээн хичээгээд ч аз жаргалтай байх боломж нь 10-хан хувь бөгөөд үлдсэн 90%-ийг нь золгүй амьдрал хүлээж байна гэсэн үг.

За тэгвэл дээд зиндаанд багтсан сурагчид жаргалтай байж чаддаг болов уу? Дэ-Дог судалгааны хүрээлэн бол БНСУ-даа л хамгийн өндөр мэдлэгтэй хүмүүсээс бүрдсэн байгууллага. Тэднийг бүгдийг нь жаргалтай сайхан амьдарч байгаа гэж хэлж болох уу? Үгүй ээ. Огт болохгүй. Тэдний дунд маш ширүүн өрсөлдөөн байдаг бөгөөд тэрхүү өрсөлдөөнд ялсан хүн жаргалтай байж болох ч, ялагдаж шахагдсан хүмүүс бол эмгэнэлтэй байдалд ордог.

Ямар ч байгууллагад 10% ба 90% оршиж байдаг. Бодит байдал ийм байхад хэрвээ бид 90%-д багтагчдын асуудлыг үл тоомсорлож орхивол олонхыг шоовдорлосон боловсрол хэмээгч логикийн зөрчилдөөнтэй урхинд орооцолдох болно. Ийм байдалтайгаар боловсролын асуудлыг шийдэх учиг зангилааг олох нь бүү хэл, хүний мөн чанарын асуудлыг ч шийдэж чадахгүй.

Амжилт арвин, аз жаргал бялхсан өөрийгөө олж авах нь

Тэгвэл үнэхээр аз жаргал гэж байна уу? Товчоор хэлэхэд энэ бол ямар ч хэцүү бэрхшээл тулгарлаа ч түүн дээрээ дөрөөлөөд босох хүчийг олж авах явдал юм. Хэчнээн доор орлоо ч дахиад өөдлөх хүчтэй л байвал тэр хүн хаана ч жаргалтай.

Бид амьдралдаа олон бэрхшээлтэй тулгардаг бөгөөд ихэнх бэрхшээл хоёр талтай байдаг. Зовлон бэрхшээлийн улмаас бүдэрч унан бүтэлгүйтэж ч болно, эсвэл өөр нэгэн дэвшилд хүрэх гишгүүр болгож ч болно. Бетховен таг дүлий болчихоод, өгүүлшгүй ихээр гуниглан шаналж байсан ч агуу симфониудаа дуусгаж, Моцарт мөн эдгэшгүй өвчнөөр тарчилж байхдаа алдарт дууриа бичсэн билээ. Хенри Фордын бүтээсэн анхны автомашин ухардаг араагүй байв. Гэвч тэрээр анхны бүтэлгүй оролдлогодоо тольдож, ямар ч өөгүй машин бүтээхийн төлөө бүх хүчээ шавхсаны үр дүнд “Автомашины хаан” гэсэн эрхэм цолыг хүртсэн юм.

1950 оны үед “Ино-Таил” гэдэг Японы жижиг компани байжээ. Тэр үед Япон улс дэлхийн 2-р дайнд ялагдаад туйлын хүнд хэцүү үе байв. Гэтэл гэнэт нэг өдөр сэнсэрч муруйсан гологдол хавтангууд гарч эхлэх нь тэр. Хавтанг шатаадаг зуухны дулааны тэнцвэр алдагджээ. Зуухыг солиход зарцуулагдах зардлыг тооцоод үзтэл 500 мянган доллар буюу компанийн хувьд дааж давшгүй их тоо гарсан байна. Өөр арга чарга хайж эхэлжээ. Хэд хэдэн удаагийн туршилтын эцэст хавтанг сэнсрэхгүй болгох арга олов. Хавтанг шавар ба шохойн чулуугаар хийдэг байсан бөгөөд шохойн чулууны орц 1% байсныг 5% болтол нэмсэн чинь дулааны хэм нь жигд биш зууханд шатаасан ч сэнсрэхгүй, хэвийн бүтээгдэхүүн гардаг болжээ.

Үүнтэй яг адилхан явдал Америкт тохиолдсон бөгөөд зуухыг өөрчилж шинэчилснээр сайн бүтээгдэхүүн гаргаж авсан байна. Америкийн бүтээгдэхүүн ба “Ино-Таил”-ийн бүтээгдэхүүнүүд эхэндээ яг адилхан борлогдож байсан боловч хэсэг хугацааны дараа Японых илүү сайн борлогдох болов. Учир нь Японы бүтээгдэхүүн нь шинэ зуух хийх гэж их мөнгө зарцуулаагүй тул үнийн өрсөлдөөнд давамгайлахын зэрэгцээ жигд биш хэмтэй зууханд хэвийн бүтээгдэхүүн гаргаж чадсан болохоор хавтан нь хэрэглээнд очсон хойноо дулааны хэлбэлзэлд тэсвэртэй, сайн чанарын бүтээгдэхүүн болжээ. Харин Америкийн бүтээгдэхүүн нь жигд хэмтэй зууханд шатаасан болохоор дулааны өөрчлөлтөд эмзэг, бас үйлдвэрлэлийн нөхцөл хэвийн биш тохиолдолд гологдол бүтээгдэхүүн гарахад бэлэн байв.

Энэ үзэгдэл тэр чигээрээ боловсролд давтагдаж болно. Өнөөдөр БНСУ-ын боловсролын салбарыг ажиглагч олон хүнийг халаглалд хүргэж буй зүйл бол дээр өгүүлсэн Америктай яг адилхан асуудал манай боловсролд тулгараад байгаа явдал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд туйлын нарийн бодож боловсруулсан “боловсролын хувьсгал” хэрэгтэй. Гэвч энэ тийм амар хэрэг биш. Үнэхээр тийм хувьсгал хийх боломж байлаа ч асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардлагатай. Боловсролын хувьсгал амжилттай боллоо ч өнөөгийн үр хүүхэд маань түүнээс хувь хүртэж чадахгүй. Түүнээс гадна өнөөдөр боловсролын хувьсгалаас илүү яаралтай асуудал бидэнд байна.

“Ино-Таил”-ийн тухай сайтар бодож үзэцгээе. Системд асуудал гарч, түүнийг солиход ихээхэн хүндрэл учирч байгаа тохиолдолд, солихоос өөр ямар нэг арга олдвол тэр нь асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга байж болох юм. Өөрөөр хэлбэл, боловсролын маань хэцүүхэн нөхцөл байдал дундаас оновчтой арга зам бий болж эдгээр асуудлыг даван туулж чадвал өндөр хөгжилтэй орнуудын нарийн тогтолцоот боловсролын системээр бэлтгэгдсэн хүмүүсээс хавьгүй илүү хүч чадалтай жинхэнэ ур чадвартан, жинхэнэ удирдах авьяастай хүмүүсийг ч төрүүлэн гаргаж чадна.

Хамгийн гол нь “Энэхүү бэрхшээлийг даван туулах арга бий юу?” гэсэн асуудал юм. Чухам энэ тухайд л зарим арга замыг энэхүү номд тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл, боловсролын системийг солихгүй ч гэлээ боловсролыг харах өнцгөө жаахан л өөрчлөхөд хэрэгжих боломжтой зарчим ба аргуудыг танилцуулж байна.

Юуны түрүүнд бидний өөрчлөх ёстой зүйл бол “сайн бүлэглэл”-д багтаж чадвал жаргалтай байж чадна гэсэн ойлголт юм. Сайн сургууль, сайн ажилд орлоо гээд аз жаргал баталгаатай болж огт чадахгүй. Харин ямар ч нөхцөлд өөдрөг байж, зовлон бэрхшээлийг дөрөөлөн босож чадах хүчтэй хүн л жаргалтай байж чадна. Хэцүү нөхцөл байдалтай тулгарлаа ч гэсэн түүнийг даван туулах хаттай хүмүүс бол илүү хэцүү нөхцөл байдлыг ч өлхөн даваад гарчих хүчтэй байдаг.

Тиймээс дээд шатны сургуульд дэвшин суралцахад дүнг нь харгалздаг боловсролын аргаасаа салж, харин үр хүүхдээ ямар ч нөхцөл байдлыг даваад гарчихдаг хүчтэй хүн болгож өсгөх хэрэгтэй юм. Энэ л боловсролын гол зорилт болох ёстой бөгөөд үүний тулд эхлээд бид өөрсдөө тийм болох хэрэгтэй. Хүн болгоны ур чадвар ялгаатай ч бүгд өөрсдийнхөө хэр хэмжээнд ур чадвараа ашиглаж чадсан цагт, хаа ч байсан өөрийгөө үнэлж, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн цагт л хүн жаргалтай сайхан амьдарч чадна. Энэ бол ямар нэг бүлэг хүмүүсийн аль нэг хэсэг нь л чадвартай, бусад нь чадваргүй гэсэн үг огт биш, харин бүх хүн чадварлаг бйаж чадна гэсэн үг.

Өөрчлөлт авчрагч жинхэнэ удирдах чадвар

Тэгвэл бэрхшээлийг даван туулах хүчийг яаж олж авах вэ?

Нэгдүгээрт, өөрт байгаа хүчээ дээд зэргээр ашиглаж үзсэн хүн л бэрхшээлийг ялах хүчтэй байдаг. Хүчээ дээд зэргээр ашиглаж үзсэн хүн өөрийгөө хүндэлж чадна. Энэ бол бардам, ихэмсэг зангаас огт өөр, оршин тогтнож буйн утга учиртай холбоотой өөдрөг сэтгэл юм. Хүч чадал сорьсон сорилтоор дамжуулж тулгарсан нөхцөл байдлыг даван туулж чадна гэсэн итгэл төрж байгаа хэрэг.

Бусдын нүдийг хариулдаг нэрэлхүү зангаасаа болоод өөрийнхөө хүссэнээр амьдарч чаддаггүй хүн манай нийгэмд олон. Харин өөрийнхөө хүч чадлыг мэддэг хүн бол бусдын харц, үнэлгээнд тийм ч найддаггүй. Амьдралынхаа үнэ цэнийг мэддэг, хайрлаж чаддаг хүмүүс бусад хүн юу ч гэж бодож байсан, шүүмжлэл, буруушаалт хэчнээн асгарч байсан ч харин ч баясан хөөрч, өөрийнхөө хийх ёстойг итгэлтэйгээр хийгээд явж байдаг.

Хоёрдугаарт, бусдыг чиглүүлэх чадвартай байх хэрэгтэй. Удирдах чадвар гэдгийг хүнтэй ажиллах чадвар гэж олон хүн боддог. Харин энд өгүүлж буй удирдах чадвар нь бусдыг хөтөлж явах биш, бусдын хүч чадлыг дээд зэргээр хөгжүүлж өгөх чадвар юм.

Удирдагч хүн гэр бүл, албан газар, нийгмийнхээ гишүүдийн хүч чадлыг дээд зэргээр хөгжүүлж, тэдэнд аз жаргал өгөх чадвартай байх ёстой. Өөрийнхөө хүч бололцоог дээд зэргээр ашиглаж үзсэн туршлагадаа тулгуурлаж бусдын хүч бололцоог ч дээд зэргээр хөгжүүлж чаддаг хүн ямар ч байр сууринд байсан үнэ цэнээ мэдэрч, аз жаргалтай байж чадна.

Гуравдугаарт, “Дэлхийг өвөрлөх” хэрэгтэй. Энэ нь зөвхөн өөрийнхөө гэр бүл, ажил төрөл, нийгэм, улс оронд анхаарах биш, бүх дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. Бүх дэлхий бидний амьдралын тайз болж байгаа энэ эрин үед бидний үйл ажиллагаа, нөлөөлөл ч бас тэр хэмжээгээр тэлэх ёстой. Тэглээ гээд бүгдээрээ гадаадад гарах ёстой гэсэн үг биш ээ. Гадаадад ажилладаг байлаа ч гэсэн дэлхийг нийтэд нь харах нүдгүй бол тэр хүний бодол санаа, амьдралын цар хүрээ нь давчуу байхаас аргагүй. Харин жинхэнэ хэрэгцээтэй зүйл бол уулын бөглүү тосгонд ажилладаг байлаа ч ертөнцийг харж, “Дэлхийг өвөрлөх” чадах уудам сэтгэл юм.

Авьяас чадвараа дээд зэргээр хөгжүүлэх 3 зарчим ба 5 талт сургалтын арга

Амьдралдаа амжилт гаргаж чаддаггүй нь ерөнхийдөө 2 шалтгаантай гэж үзэж болно. Тодорхой зорилгогүй байх юм уу, эсвэл зорилго байвч түүндээ хүрэх тодорхой аргыг мэдэхгүй байх явдал гол шалтгаан нь юм.

Яагаад амьдрах ёстой, юуны төлөө амьдрах ёстой талаар зорилго байхгүй хүн бол өдөр тутам өөрт ногдсон ажлаа л гүйцэтгэх төдий, дөнгөн данган амьдарч явдаг. Ийм хүн өөртөө байгаа хүч чадлыг ч мэдэхгүй, ашиглаж ч чаддаггүй, хүч бололцоогоо дараад л байхаас биш, өсгөж ашиглахын гайхамшгийг мэдэрдэггүй.

Түүнчлэн өмнөө тавьсан зорилготой хэрнээ түүнийгээ биелүүлэхийн тулд яах ёстой аргаа мэддэггүй хүн ч гэсэн амжилтад хүрэхэд бэрх. Зорилгодоо хүрэх тодорхой арга барилаа мэддэггүй хүний зорилго нь түр зуурхны сэтгэлийн хөөрөл юм уу, мөрөөдөл төдийхөн юм.

Тодорхой зорилготой, түүнийгээ биелүүлэх халуун эрмэлзэлтэй хүн бол юуны түрүүнд өөртөө ямар хүч чадал, мөн чанар байгаа болон түүнийгээ дээд зэргээр нээж, ахиулахын тулд яах ёстойг эхлээд анхаарна. Эцэст нь өөрийнхөө хүч чадлыг дээд зэргээр өсгөж байж л өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэдгийг ухаарах бөгөөд тийм хүн л үнэхээрийн үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдралыг цогцлуулан, жинхэнэ удирдагч болж чаддаг. Ийм хүн удирдагч болбол бусдын хүч чадлыг ч өсгөж өгч чадах бөгөөд өөрөө ч жаргаж, бусдыг ч жаргааж чадна.

Харин үнэхээр тийм арга бий болов уу? Хэрэв байдаг бол хэн ч хэрэглэж чадахаар амархан болов уу? Би ч бас эхлээд тийм арга байхгүй гэж боддог байсан боловч өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан доорх 3 зарчмыг ойлгоод авбал энэ бүхэн боломжтой юм гэдгийг ухаарсан юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)