Бодит чадвар : Бодит чадвартай иргэн төлөвшүүлэх багшийн сонирхолд -2

1 дүгээр зарчим

Зөв арга барилыг мэдэж авах хэрэгтэй.

Сайн суралцахын тулд хичээнгүй, анхааралтай, удаан цагаар хичээллэх хэрэгтэй гэж бид боддог. Ажил үүрэг, бизнест ч мөн адил. Юуг ч байсан хичээнгүй, анхааралтай, удаан хийхэд болох байтал тэгээгүйгээсээ болоод үр дүн нь муу боллоо гэж боддог. Гэхдээ хичээлээ гээд ур чадвараа дээд зэрэгт хүргэж чадахгүй. Ямар ч ажил хийлээ гэсэн, тохирох арга ба зарчмыг нь тодорхой мэдэж байх хэрэгтэй.

Жишээ нь, усанд сэлэх тухай аваад үзье. Би багадаа хөдөө өссөн болохоор горхины усанд нохой самарч сурсан л даа. Хичээнгүйлэн сурсныхаа эцэст томоохон даланг ч нааш цааш гатлах хэмжээнд хүрсэн билээ. Тэгээд өөрийгөө дажгүй сайн сэлдэг гэж боддог байв. Гэтэл хүү маань багшаар заалгаж, чөлөөт сэлэлтийг хэдэн сарын турш дэс дараалалтай сурсныхаа дараа өөрийгөө мундаг гэх болсон юм.

Гурван сарын дараа би хүүтэйгээ уралдахаар боллоо гэж бодъё. Би болохоор хичээнгүй, анхааралтай, удаан хугацаагаар бэлтгэл хийхийн тулд хүрээлэнгээсээ ч чөлөө авч, өглөөний 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл унтах ч үгүй нохой самардгаараа самарч, харин хүү маань урьдынх шигээ долоо хоногт ганц хоёр удаа л сургуулилсан гэе л дээ. Гурван сарын дараа ямар үр дүн гарах бол?

Нарийн дэс дараалалтайгаар чөлөөт сэлэлт сурч байгаа хүүгээ би ялж чадахгүй. Учир нь хэчнээн дасгал сургууль хийлээ ч нохой самралт бол нохой самралт л юм. Аливаа зүйлийг хичээнгүйлэн хийвэл чадвар нь ямар нэг хэмжээнд хүртэл өсч болно. Гэвч зөв арга барилаар л биш бол хүч чадлаа дээд зэргээр нээж чадахгүй.

Эцэст нь хэлэхэд аливаа зүйлийг хичээнгүйлэн хийвэл ямар нэг хэмжээнд хүртэл чадвар нь өсч, дүн нь ахиж, сурлага нь сайжирч болох ч хүний нөөц бололцооны дээд төвшинд хүргэж чадахгүй, зөвхөн өөрийнхөө арга барилын хязгаарт л хүрэх боломжтой юм. Хэчнээн мундаг сэлдэг байлаа ч нохой самралтаар дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэж горьдохын хэрэггүй шиг сургууль, албан газар, нийгмийн амьдралд ч адилхан зарчим үйлчилж болох юм.

Жишээ нь, аливаа эрдэмд сурахдаа тухайн хичээлийн зарчим, онцлогийг анхнаасаа л ойлгож авч чадахгүй тул зүгээр л нохой самарч байгаа мэт дасгал хийдэг. Цаашдаа өөрт хэвшсэн сурах арга барилынхаа хэрээр л өснө. Гэтэл уг нь бол өөрийнхөө хүч чадлыг дээд зэрэгт нь хүргэхийн тулд тухайн эрдэмд нэвтэрсэн хүнээс зарчим ба онцлогийг нь мэдэж аваад түүнд суралцах хамгийн тохиромжтой аргыг хэвшүүлэх хэрэгтэй. Тийм сурагчид хавьгүй илүү үр дүнтэй суралцаж, хүч чадлаа дээд зэргээр хөгжүүлж чаддаг.

2 дугаар зарчим

Олон талаас нь харах хэрэгтэй.

2000 он гарснаас хойш манай улсын боловсролд шинэчлэл хэрэгтэй гэсэн үг их сонсогдох болжээ. Харин үндсэн зарчим өөрчлөгддөггүй хуультай тул тэр нь хэрвээ зөв зарчим бол 1000 жилийн өмнөх зүйлийг бид тэр чигээр нь авч хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Халж солихыг зорилгоо болгож болохгүй гэсэн үг. Хамгийн чухал нь “зөв арга”-аар өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд юуны өмнө боловсролын үндэс нь юу болохыг мэдэх хэрэгтэй бөгөөд энэ нь ганц талт боловсролоос олон талт боловсрол руу шилжих ёстой гэсэн үг.

Ганц талт боловсрол гэдэг нь “сайн сурахын тулд оюуны чадамжаа дээшлүүлж, хичээнгүйлэн суралцах хэрэгтэй” гэсэн бодол юм.

Өөрийгөө хянах чадваргүй хүн ч асуудалтай. Ийм хүнд цаг зав байсан ч яаж хэрэглэхээ мэддэггүй болохоор дэмий үрдэг. Зурагт үзээд эхлэхээрээ бүх хөтөлбөрийг нь дуусгаж байж санаа нь амардаг хүн ч өөрийгөө хянах чадвар дутуу гэсэн үг. Өөрт байгаа цаг хугацаа, авьяас чадварыг яаж үнэ цэнэтэй хэрэглэхээ мэддэггүй тул сайн ч сурч чадахгүй.

Хүмүүстэй харилцахад ч мөн адил. Эмэгтэй сурагчдын дунд сурлагын дүн ба эцэг эхтэйгээ хэрхэн харилцдаг талаар судалгаа явуулахад эцэг эхтэйгээ муу харилцаатай сурагчдын дүн ч бас муу байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ. Бодоод үзэхэд зүй ёсны л хэрэг. Эцэг эхээсээ болж сэтгэл нь шархалсан хүүхэд түүнийхээ хариуд томчуудын хүслээс гажсан зүйл албаар хийх нь байдаг. Ам л нээвэл “Хичээлээ хий” гэж яншдаг ээж аавтай хүүхэд хичээлээ хийхгүй байгаагаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Сургууль дээр ч мөн адил. Хэн нэгэн сурагч багштайгаа эвгүй харилцчихвал тэр багшийн заадаг хичээлийн дүн буурах тохиолдол олон.

Энэ мэт сайн сурч чаддаггүйн шалтгааныг ажиглаад байхад хичээлтэй шууд холбоогүй шалтгаан их. Эдгээрийг үл тоомсорлон, оюуны чадамжийг илүү чухалчлаад байхаар янз бүрийн асуудлууд урган гарч байна.

Бодит чадвараа хөгжүүлж чаддаггүй хүмүүсийн онцлог

Сэтгэлийн тэнхээ

Бие бялдар

Оюуны чадамж

Өөрийгөө хянах чадвар

Харилцаа

-Мөрөөдөлгүй

-Эрмэлзэл сул

-Гутранги үзэл

-Бүтэлгүй, өөрийгөө

чамлах үзэл

-Байнга нойрмог

-Тэсвэргүй

-Хөдөлгөөн бага

-Биеэ хайнга авч явах

-Сурах арга барилаар муу

-Бодит байдлыг бүхэлд нь харж чаддаггүй

-Цагаа хуваарилж чаддаггүй

-Дэс дараалал тогтоох чадваргүй

-Эцэг эх, багштайгаа харилцаа муу

-Хамт олонсог сэтгэлгээ дутуу

Энэ мэт янз бүрийн учир шалтгаанаас болж хувь хүн, байгууллага бодит чадвараа зохих ёсоор хөгжүүлж чадахгүй байгааг тайлбарлах нэгэн жишээ бол “Хамгийн бага хэмжээний дүрэм” юм.

Доорх зурагт үзүүлсэнчлэн хэд хэдэн тайрдсаар хийсэн усны торх байна. Тайрдсууд зөв холбогдсон бол торхонд ус дүүргэж болно. Харин ганц ч болтугай тайрдас хагарсан, эсвэл хугарсан байвал хэчнээн их ус хийлээ ч хугарсан хэсэг хүртэл л дүүрнэ. Өөрөөр хэлбэл, торхыг бүрдүүлж байгаа модон тайрдасны хамгийн доод өндөрт хүртэл л ус дүүрнэ гэсэн үг. Энэ бол “Хамгийн бага хэмжээний дүрэм” юм.

Боловсролд ч бас адилхан зарчим хэрэгжинэ. Хүнд оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, өөрийгөө хянах болон бусадтай харилцах чадвар гээд олон хүчин зүйл байдаг бөгөөд тэдний нэг нь л доройтвол ганц түүгээрээ дуусахгүй, бусдадаа ч нөлөөлөн нийт хүчийг нь сулруулдаг.

Оюуны чадамжаар гарамгай, хүмүүстэй сайхан харилцдаг, сэтгэлийн тэнхээ сайтай, өөрийгөө сайтар хянадаг хүн байлаа ч гэнэт нэг өдөр өвчин тусаад хэвтчихвэл тэр л хэмжээгээрээ муу нөлөөтэй гэсэн үг. Эдийн засгийн хямралын үеэр олон хүн амиа хорлосон. Дампуурлаас болоод гэв гэнэт олон гэр бүл салж, эсвэл эрүүл мэнд нь муудсан бөгөөд эдгээр нь оюуны чадамжаас шалтгаалаагүй. Харин сэтгэлийн тэнхээ нь барагдсанаас болж амь насаа егүүтгэсэн билээ.

Бодит чадварыг хөгжүүлэх арга маш олон янз. Сэтгэлийн тэнхээ нь доройтсон хүний сэтгэлийн тэнхээг нэмж, бие бялдраар доройтсон бол биеийн хүч тамир суулгаж, өөрийгөө хянаж чаддаггүй хүнийг хянах чадвартай болгож, муу арга барилтай хүнд сайн аргыг, хүмүүстэй харилцаж чаддаггүй хүнд сайхан харилцдаг болоход нь тусалбал сайн үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, өөрийгөө хянах болон хүмүүстэй харилцах чадварыг нь жигд өсгөөд өгвөл хувь хүний чадварыг дээд зэргээр хөгжүүлж чадна. Тухайн хүнд байгаа янз бүрийн хүч бололцоог өв тэгш хөгжүүлэх бүх талын боловсрол зайлшгүй хэрэгцээтэй.

Бүх талын боловсролоос татгалзаж, мэдлэгийг чухалчилсан, эсвэл ганц зүйлээр мэргэшсэн боловсрол руу тэмүүлээд байгаагийн нэг шалтгаан бол бүх талын боловсрол хэдийгээр сайн ч гэлээ мэргэжилтэн бэлтгэхэд төдийлөн ашиггүй гэж үздэгээс болж байна. Харин бүх талын боловсрол л жинхэнэ чадварлаг мэргэжилтэнг төрүүлэх бодитой арга болж чадна. Учир нь энэ бол хүний хүч бололцоог дээд зэргээр хөгжүүлэхийн тулд үндсэн хүчин зүйлүүдийг нь жигд өсгөж өгдөг боловсрол юм.

Хувь хүний хүчин чадлыг ингэж дээд зэргээр хөгжүүлэх боловсролын аргыг “Бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчим” гэнэ. Хүнийг бүрдүүлж байгаа оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, өөрийгөө хянах болон бусадтай харилцах чадвар зэрэг 5 хүчин зүйлийг бүх талаас нь хөгжүүлж өгвөл эвдэрч хэмхрээгүй бүтэн торхонд ус дүүргэхтэй адил хүн ч бас өөрийнхөө авьяас чадварыг нээж, хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадна.

Түүнчлэн “Хамгийн бага хэмжээний дүрэм”-ээс харсанчлан өөрийнхөө сул тал-(хамгийн доод хэмжээ)-ыг олж мэдэн, түүнийгээ анхааран засч залруулахад маш хэрэгтэй арга болж чадна. Сүүлд бидний авч үзэх оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, өөрийгөө хянах ба бусадтай харилцах харилцааны хэм хэмжээг тодорхойлсон “Даймонд-калла тоон үзүүлэлт” (D.Q: Diamond collar Quotient)-ийг ашиглаж сурах нь чухал.

D.Q –г тодорхойлсны дараа “Сул тал дээрээ ажиллах тактик” боловсруулах боломжтой болно. Өөрийнхөө сул талыг мэдэж, одоогийн байдалд дасан зохицох чадвараа дээд зэрэгт хүргэж болно. Мөн өгөгдсөн нөхцөлд оршиж байгаа асуудал-(сул тал)-ыг олж, түүнийг даван туулахын тулд байдлыг “обьектив, субьектив” болгох чадвартай болоод зогсохгүй, тулгараад байгаа асуудлуудын харилцан хамаарлыг ойлгох оюуны чадамжийг хөгжүүлэн, мэргэжлийн менежментийн чадвартай болгоно.

3 дугаар зарчим

Тодорхой хөтөлбөртэй байх хэрэгтэй.

Хүчин чадлаа дээд зэргээр хөгжүүлэх гурав дахь зарчим бол нарийн тодорхой хөтөлбөртэй байх явдал юм. Хэчнээн сайн онол, зарчмыг мэдэж авлаа ч түүнийг зөвхөн ойлгосноор сайн үр дүнд хүрэхгүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэх тодорхой арга хэрэгтэй. Зарчмыг бодит амьдрал болгох хөтөлбөр (сургалтын үйл явц) байхгүй бол бүх талын боловсрол маань хоосон цуурайнаас цаашгүй болно.

Жишээ нь, сургууль дээр “Шударга байя”, “Итгэмжтэй байя”, “Бие биеэ хайрлая” гэх мэт хийсвэр ойлголтуудыг уриа лоозон болгож тавьснаар тийм ч амжилтанд хүрэхгүй. “Шударга байя” гэсэн уриа дэвшүүлсэн л бол сурагчид хичээлийнхээ явцад түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр л “Шударга бай” гэж хэлээд хүүхдүүд шударга болчихгүй.

Боловсролын үйл явцыг бид ойлгодог болох хэрэгтэй. Боловсрол бол ерөнхийдөө “зааж сургах явдал” гэж ташаа ойлгодог хүмүүс байдаг. Зааж сургах нь боловсролын нэг хэсэг мөн ч тэр бол боловсрол бүхэлдээ биш юм. Боловсролын явцыг 3 шатаар ангилж болно. Нэгдүгээр шат нь зарчмыг нээж олох шат. Хоёрдугаар шат нь нээж олсон зарчмаа хэрэгжүүлэх шат. Гурав дахь нь зарчмын дагуу өөрчлөгдөх шат. Энэхүү өөрчлөлтийн үе шатыг бүрэн боловсролын шат гэж хэлж болно. Тэгвэл бүрэн боловсролд хүрэх үйл явц нь юу вэ? Энэ бол зарчмыг хэрэгжүүлэх үйл явц буюу боловсролын хөтөлбөр юм. Тодорхой ийм хөтөлбөрөөр дамжуулан бид сайн зарчмуудыг хэвшүүлж, улмаар чөлөөтэй өөрчлөгдөж чадна.

Хэн нэгэн эцэг эх “Нээрээ тийм юм. Манай хүүхэд сурлага муутай байдаг нь толгой муутайгаас биш, сэтгэлийн тэнхээгүйгээс болдог юм байна” хэмээн бодоод, тэр даруй хүүхдэдээ “Одооноос эхлээд чи сэтгэл санаагаар хүчтэй болох хэрэгтэй” гэж хэлснээр хүүхэд нь шууд тийм болчихгүй. Сэтгэлийн тэнхээтэй болгох тодорхой хөтөлбөр хэрэгтэй. Үүний нэгэн адил бүх талын сургалт чухал болохыг хэчнээн хашхираад ч түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр нь байхгүй бол ямар ч ашиггүй бөгөөд “зөв зарчим”-ыг “амьдралын өөрчлөлт” болгох “хөтөлбөр” заавал хэрэгтэй.

Хүчин чадлаа дээд зэргээр хөгжүүлэхэд туслах сургалтын таван талт зарчим

“Бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчим” нь оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, өөрийгөө хянах ба бусадтай харилцах чадвар зэрэг хүнд байдаг таван хүчин зүйлийг бүх талаар хөгжүүлж хувь хүн, байгууллагын хүчин чадлыг дээд хэмжээнд хүргэдэг. Яг л хүн гэдэг торхонд ус дүүргэхийн тулд эвдэрсэн тайрдсыг засч, чадварыг нь дээд хэмжээнд хүргэхтэй адил.

Хувь хүн, байгууллага хүчин чадлаа дээд зэргээр хөгжүүлэхийн тулд хичээнгүй байхаасаа урьтаж үр дүнтэй арга барилыг мэдэж авах хэрэгтэй. Үүний тулд таван талт сургалтын хөтөлбөрт сэтгэлийн тэнхээ, бие бялдар, оюуны чадамж, өөрийгөө хянах ба бусадтай харилцах чадвар гэсэн 5 хүчин зүйлийг хөгжүүлэх үндсэн зарчим ба түүнийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх тодорхой аргууд-(хөтөлбөр)-ыг тус бүр 5 зүйл, нийт 25 зүйлийг санал болгож байна.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Л. Олзвой (зочин)

БНСУ-ын доктор Вон Дун Ён багштай манай сургуулийн багш нар хамтран ажиллаж байна. Сэтгэлийн тэнхээтэй болгохын тулд өглөө бүр "Чимээгүй цаг" 8 минутын оюуны дасгал хийж эх болон шүлэг, уран зургийг уншаад мэдэрсэн мэдрэмжээрээ дамжуулан өөрийгөө өөрчилж байгаа нь хүүхдийг нэг бүрчлэн хөгжүүлэх гол арга болж байна. Үүнээс гадна оюуны чадамжийг өсгөхийн тулд Мэдээлэл боловсруулах 3 шатыг сургалтанд хэрэглэж байна. 1. Мэдээллийг тусган хүлээж авах 2. Мэдээллийг боловсруулах 3. Мэдээллийг гадгаш илэрхийлэх шатыг дамжихгүйгээр эзэмшсэн мэдэг мэдээллийг нэг савнаас ёроолгүй саванд юүлж байгаатай адил болдог. Энэ мэтээр Бодит чадварыг өсгөж хүүхэд нэг бүрийг хөгжүүлье гэсэн багш нартай хамтран ажиллаж болно.

Гэрэлээ (зочин)

Багш нар санаа авч хэрэгжүүлмээр олон сайхан зүйлийг уншиж байгаадаа баяртай байна. Монголын олон багш нар авч өөрийн хичээлийн онцлогт тохируулан хэрэгжүүлээсэй.Мэдлэгээс илүү аливааг таньж мэдэх амьдралд өөрийгөө бэтлгэх суралцах гэдэг хүүхдийн хувьд туйлын хэрэгтэй.танд амжилт хүсье.

О.Байгальмаа (зочин)

Сайхан зүйл нийтэлсэнд баярлалаа.
би 9 -р сараас эхлэн ном уншуулж хүүхдийн бодит чадварыг хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна.
ямар ч байсан үр дүн нь гарч л байна.гэвч цаашид энэ тааар унших,судлах зүйл их байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)