Бодит чадвар : Уранзохиол заах аргаас

Уранзохиол заах аргаас

“Уранзохиолыг задлан шинжлэх заан сургахад анхаарах”

УБИС БХС1997 онд Д. Өлзийбаяр нар

Уран зохиолын зүйлийг задлан шинжлэхэд эх бичиг

судлалын зарчмыг ашиглах нь:

Эх бичиг судлал гэдэг нь утга зохиолын дурсгалт бичгийн анхны үнэн зөв бичлэгийг тогтоох үүрэгтэй байдаг. Жирийн уншигч зохиолыг ерөнхийд нь нэгэн бүхэл бүтэн цогц байдлаар нь хүлээн авдаг бол судлаач хүн, ялангуяа эх бичгийн судлаач уг зохиолын эхийн янз бүрийн давхраа, өөрчлөлтийг нээн илрүүлдэг юм. Гар ноорог, төрөл бүрийн завсар, төлөвлөгөө зэрэг зохиол дээрээ ажилласан бусад олон баримтаар нь уг зохиол буй болсон цаг хугацааны үе шат, уран сайхны чанарыг тодорхойлох боломжтой болдог.

Дунд сургуульд уран зохиолын хичээлээр үзэх эх зохиолуудын тухай багш нар өөр өөрийн мэдлэг боловсрол, арга чадамжийн хэрээр, хувь хүн бүрийг,хувь зохиол бүрийг онцлогтойгоор нь уран сайхны чанарыг нь тодруулан сурагчдадаа ойлгуулах ёстой.Түүнээс биш сурах бичигт тийм зохиолыг ингэж задлаад ийм хариу гарна,тэгж ярина гэж байдаггүй бөгөөд хэрэв ийм тохиолдол байдаг бол 1-д уран зохиолын судлалын шинжлэх ухаанд таарахгүй, нөгөөд багш нар сургагч биш жирийн бие дааж зохиол бүр дээр ажиллаж,асуудлыг боловсруулж хичээл заах хэрэгтэй болдог. Олон жил хичээл заасан багш нарт уг зааж буй зүйл нь гарт ороод зөвхөн шинэ мэдээлэл нэмэх л үлдсэн туршлага байж болох ба, харин шинэ мэдээлэл нэмэх гэдэг нь хэзээч мартаж болохгүй юм.Хичээлийг чухам ингэж заахын учир багш нарт эх бичиг судлалын арга зарчим нь хэрэгтэй болдог юм. Дунд сургуульд Б.Явуухуланг үнэхээр сайн яруу найрагч, дорнын их яруу найрагч гэж хэлдэг юу нь сайхан болох, яагаад сайн болох тал дээр үндэслэлтэй баталгаа их л дутмаг байх шиг байдаг.Тэгвэл “Б.Явуухулан бүтээлээ урлахдаа гоо зүйн маш нарийн мэдрэхүйтэй, тэгснээрээ ч туйлын уянгалаг зөөлөн дуу хоолойтой цэвэр тунгалаг найруулгатай шүлэгч болж өссөн юм.Хэрэв яруу найрагчийн шүлгийн нэг үгийг нөгөөгөөр соливол чавхдаст хөгжмийн нэг утасны хөг алдарсан мэт этгээд сонстоно.Учир нь түүний үг бүр шигшмэл өөр өөрийн аялгуутай,тэр нь шүлэгчийн дуу хоолойд өнгө зохирсон байдаг.”Шүлгийн аялгуу хөглөгдөж өгөхгүй шөнөжин намайг яг суулгав” /Гэрэлтэй дулаан газар/ гэж шүлэгч өөрөө бичсэн нь бий.Түүний “Мэхээр” шүлгийн зөвхөн хэвлүүлэхийн өмнөх эхийг аваад үзье.Бэлэн болсон эхэд шүлэгч өөрийн гараар 5-6 завсар хийжээ.Тухайлбал:

Өгөөжит намрын наран мандаж

Өргөн тохойн хяруу хайлав...,гэснийгээ

Өгөөжит намрын наранд гялтганан

Өргөн тохойн хяруу хайллав..,

гэж уншсан байна.Эхний хувилбарт наран мандаж хяруу хайлсныг нөхцөл шалтгаан үр дагаврын нь харьцаанд энгийн хэлжээ.Гэвч нар буюу мандах гэсэн өргөн хэрэглэгддэг үгийг баахан “амь оруулж” наранд гялтганан хяруу хайлснаар өгүүлсэн нь хярууны зурагт гол өргөлтийг өгч, арай дүрслэг маягтай болсон байна. Цааш нь:

Гэрийн зүг буцъя гэвэл

Гишгэсэн довонгийн зулай навталзав...,

гэж байсан мөрийг

Гэрийн зүг буцаж явтал

Гишгэсэн довонгийн зулай навталзав...,

гэж заасан байна.Буцъя гэсэн үг нэгд утгын хувьд таарсангүй.Юу гэвэл нэгд зогсонги ба хөдөлгөөнт байдлын харьцаа алдагджээ.Өөрөөр хэлбэл буц юу гэж зогсож байтал гэв гэнэт хөл доор довны орой навталзсан мэт болжээ.Ингээд зогсож байхад биш явж байхад дов навталзсанаар өөрчилжээ.Хоёрт буц юу гэсэн хэллэг шүлэгчийн өөрийн ая намбанд тохиромжгүй санагдсан юм шиг байна.

Явуухулангийн “Мэхээр” шүлгийн энэ засварыг багш мэдсэн байгаад сурагчдадаа тайлбарлан өгвөл сая шүлгийн уран чадварын үнэхээр тодорхой болж,хичээл ч их сонирхолтой болох юм.Өөр нэг жишээүзье.Д.Нацагдоржийн нийтэд түгэн дэлгэрсэн “Миний ээж”шүлгийн хувьд гэхэд бидэнд гар бичмэлийг үндсэндээ орлох нэг материал байна. Энэ нь Нацагдоржийн “Их авхай” жүжгийн 4-р үзэгдлийн төгсгөлд Оюунчимэгийн дүү Дэнсмаа муужран унасан эхийгээ сэргээхийг оролдон толгойг нь түшиж сууж

Эгч дүү бид хоёрыг цувруулан төрүүлсэн ээж минь

Яруу сайхан хэнхдэгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж минь

Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж минь

Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж минь яа яа яа яагэж дуулан сууж төгсөж байна.Энэнийг бид

Монголын үзэсгэлэнт сарангуа,намайг төрүүлсэн ээж

Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж

Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж

Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж

гэсэн “Миний ээж” шүлэгтэй зэрэгцүүлэн үзвэл нэгдүгээр мөр нь тэр аяараа зөрж байна.Мөн хэнхдэгээрээ гэдэг үгийг эгшгээрээ гэдэг үгээр сольсон байна.Бусад нь яг тохирч байна.Шүлгийн хамгийн эхний хувьд гэвэл мэдээж энэ нь “Их авхай” жүжгийн үйл явдалтай холбогдоод өөрчлөгдсөн нь тодорхой юм.Харин яруу сайхан хэнхдэгээрээ гэдэг нь яруу сайхан эгшгээрээ болгон сольсон байна.Яруу сайхан эгшгээрээ гэдэг нь үнэхээр яруу сайхан сонсогдож байгйй ч яруу сайхан хэнхдэгээрээ гэхэд учир шалтгааны авцалдааны хувьд бас тохирч байгаа юм.Эх хүн хүүхдээ бүүвэйлэхэд цээж хэнхдэгээ хөдөлгөн,энэхүү хөдөлгөөн нь бөн бөн гэсэн айзамд тохирч байна.Харин ч яруу сайхан эгшгээр бөн бөн бүүвэйлнэ гэхэд учир шалтгааны холбоо төдий л гарахгүй байж болох юм.Яагаад гэвэл бүүвэйлэхэд энд дуулна гэсэн утга байна.Дуулахдаа бөн бөн гэсэн үг хэлж дуулах ч юм шиг ойлгогдож болох билээ.Нөгөөтэйгүүр “Миний ээж”шүлгийг ч тэр, “Их авхай” жүжгийг ч аль алиныг нь ч 1935 онд бичсэн ажээ.

Ингэхлээр алиныг эхэлж бичээд нөгөөдөө ашигласныг тогтооход бэрхшээлтэй байна.Яруу найрагч маань энд эхлээд гүйлгэн харахад байраа олоогүй мэт хэнхдэг гэсэн үгийг байрлуулсан нь сонирхолтой байна.Үүнд “Мөрөөдөл” гэдэг уянгын шүлэгтээ “Миний хэнхдэгт зул барих цаг болов”гэж хэрэглэсэн байна.

Зохиолч энэ үгийг зүрх гэдэг үгтэй адилтгани хэрэглэсэн нь ч бидний анхаарлаас гадна байх ёсгүй. Зохиолын эх бичигт хийсэн дээрх ажиглалтаас үзэхэд аливаа зохиолд буй нэг үг боловч ямар их утга санаа,уран дүрслэлийг гаргаж чаддагийг харж болно.Түүний жинхэнэ утга учир нь гагцхүү энэ тохиолдолд эх бичиг судлалын зарчмаар тодорхой болж байгаа юм.

Эх бичгийн судлалын зарчим нь бидний анх түрүүнд дурьдсан ном зүйн зарчимтай салшгүй холбоотой.Эднийг /дараагийн хэсэг үзэх зохиолыг задлан шинжлэх г.м/ дангаар нь бие биеэс нь салгаж авна гэдэг байхгүй зүйл.Тухайлбал эх бичиг судлалын зарчим нь ном зүйн зарчимтай ямар нягт холбоотой болохыг Д.Нацагдоржийн зохиол бүтээл дээр авч үзье.Дашрамд хэлэхэд бид гагцхүү Д.Нацагдоржийн уран бүтээлээс дурдаад байгаагийн учир нь нэгд: Д.Нацагдорж судлал бие даан хүчтэй хөгжсөн. Хоёрт: түүний зохиол бүтээл үнэхээр ярьж хэлэх их юмтай, төөрч будилсан, андуурч ташаарсан зүйл ихтэй учир судлаачдын сонор үргэлж хүртэж байдаг зүйл билээ. Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн түүврийг 1955 онд нэлээд бүрэн хэмжээгээр эмхэтгэн гаргасан ба түүн дээр нэмэн дэлэгрүүлж 1961 онд дахин хэвлэснийг бид сайн мэднэ. “1955 оны эмхэтгэлийн дотор ажиглагдаж буй нэгэн год дутагдал бол зохиолчийн эхийг хамаагүй их өөрчилсөн тохиолдол тодоор харагдаж байна” /С.Лочин, тал 56/ энэ нь тухайн үеийн үзэл суртал, нийгмийн хөгжлийн хандлагатай шууд холбоотой үзэгдэл юм.

1950-аад оны үед манай орны нийгэмд нэг хүнийг тахин шүтэх үзэл газар авч, уран сайхны бүтээлд тэр нь шуудаар нөлөөлж байсан үе.Тиймээс зөвхөн цаг үеийн уур амьсгалд таацуулан хүний зохиол бүтээлийг өөрчлөн засах,эсвэл огт хэвлэхгүй,гаргахгүй байх үзэгдэл нь, намын үзэл суртал нэрийн доор ерийн үзэгдэл болсон байжээ.Тиймээс энэхүү эмхэтгэлийн удиртгалд

Хамаг олны багш Сталинд хайрлагдсан

Хайрт нөхөр,халуун ханьтай гар барилцсан

Золбоот монгол,хувьсгальт монгол

Бүрэн төгөлдөр монгол

Зорьсноо биелүүлж санаснаа гүйцээх

Бат итгэлт монгол...,

гэсэн шүлгийг Д.Нацагдорж бичсэн мэтээр гэрч татан өгүүлснийг тухай үедээ шүүмжилж байсан байна./Лочин тал 56/ Мөн түүвэрт “Од” хэмээх алдарт шүлгийг төгсгөлийн 4 мөртийг хасч оронд нь

Энэ дэлхий дээр намирах улаан тугууд харагдана уу?

Эрх чөлөөт дууны үг танай тэнд цуурайтна уу?

Эв хамтын ёсыг хаа хаанаа байгуулаад

Элгэн садан болж түмэн жилдээ жаргая...,

гэсэн нэг бадаг шүлэг нэмж хэвлэсэн нь,яагаад ч юм бэ? Нацагдоржийн шүлгийн дагуул болон ерөөс салж өгөхгүй байна.Энэ алдааг 1961 оны хэвлэл засаж залруулсан боловч сонин сэтгүүл сурах бичгийн хуудаснаа гарч кино,театр концертын тайзнаас энэхүү нэмэгдсэн 4 мөрт цуурайтсаар байсан тул 1976 онд гарсан “Мартагдашгүй наманр” кинод ч энэхүү шүлгийг уншиж /Лочин 57 /байсан байна.

Эх бичиг судлалын зарчмаар ажиллахын тулд “Од” шүлэг хэвлэгдэж гарсан бүх эмхтгэл,түүвэр, сэтгүүл, түүнд тайлбар судалгаа хийсэн материалыг үзэх хэрэгтэй.Энэ ажлыг гүйцэтгэхэд ном зүйн зарчмыг гол болгох ба тиймээс хэрвээ бүх материалыг олж үзсэн тохиолдолд ямарваа нэгэн оюуны үйлдэл хийлгүйгээр Нацагдоржийни “Од” шүлгийн төгсгөлийн 4 мөрт бол тэр хүний зохиол бус, тиймээс ч зохиолын уран сайханд харшилж буй зүйлд хэмээн /хэтэрхий улс төржиж эв хамт үзэл суртлыг зарласан/ залруулан тайлбарлах шаардлага гарч ирнэ.Чухам энэ ажиллагаа бол уран зохиолын багш хүний бүтээлч үйлд хамаарах юм.

Бусад шинжлэх ухааны адилаар эх бичиг судлал нь үргэлж шинийг ирж,эрж мэдээлж,өөрийн хөгжлийн түүхээ баяжуулж байдаг. Монголын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч Д.Нацагдоржийн уран бүтээлийн онцлогийг авч үзэхдээ 1980-аади оны дундуур Д.Нацагдорж судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан А.Очир, Г.Дашням нарын ажлыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Бид дээр Нацагдорж Герман улсад сурч байгаад ирээд ажиллахдаа ямар их хүсэл эрмэлзэлтэй, бадрангуй сэтгэлгээтэй байсан тухай дурдсан билээ. Чухам энэ үедээ тэрээр залуучуудын хэвлэлийн газар ажиллаж байхдаа улс орон даяар алгуурхнаар хүлээн авч эхэлж байсан аймшигт хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг мэдэрч, түүнд өртөж зохиол бүтээл туурвихдаа далд утгаар зохиох, нууц нэр тавих зэргээр нэрээ нууцлаж байсан байна. Дээр хоёр эрдэмтэн үүнийг “Үзэг” нэрт нууц нэрээр туурвигч нь Д.Нацагдорж мөн болохыг олж тогтоожээ. Эх бичиг судлал, цаашлавал уран зохиолыг заахад нууц нэрээр бичиж байсныг тогтоосон нь ямар учир холбогдолтой юм бэ гэвэл нэгд: 1930-аад оны эхэн үед бичиж туурвиж байсан Д.Нацагдоржийн уран бүтээлийн утга, уран сайхны онцлогийг тодорхойлох, ойлгоход үлэмж хэрэг болно. Өөрөөр хэлбэл түүний эргэн тойрон амьдрал, нийгэмд хандах үзэл бодлыг тодорхойлно гэсэн үг. Ингэснээр зохиолын утгыг тодруулна. Хоёрт эх бичиг судлал нь зохиолчийн найруулга зүйн төвшинд, өгүүлбэр зүйн төвшинд, үг сонголтын буюу үг зүйн төвшинд, дүрслэлийн төвшин зэрэгт ажиглалт харьцуулалт хийдэг учир зохиолын гоо зүйн талыг тодорхойлоход бэлэн материал бэлдэж өгч байна гэсэн үг. Эхнийх нь агуулгын тал шүү дээ. Эх бичиг судлалын зарчим нь уран зохиолын хичээлийг бусад төрлийн хичээлүүдтэй, ялангуяа, түүх, нийгмийн судлалын хичээлүүдтэй холбоход хамгийн дотны ойр арга зам болдог. Тухайлбал дунд сургуулийн 9-р ангид монголын сонгодог уран зохиол сэдэвт хичээлийн хөтөлбөрт дундад зууны монголын соён гэгээрүүлэх үйл явдлын нэлээд хэдэн цагийн хичээл багтсан байдаг. Тэгвэл дундад зууны монголын ганц том соён гэгээрүүлэгч Занабазарын тухай огт ороогүй байгаа ба, харин үүнийг уран зохиол судлалд, эх бичиг судлалын шинэ баримт материалын тусламжтайгаар түүхийн хичээлтэй холбон тэр хүний хувийн уран бүтээл, нийт үндэстний утга зохиолын түүхийг сонирхолтой зааж болох юм. 1996 онд хэвлэгдэн гарсан /Л.Хүрэлбаатарын/ “Огторгуйн цагаан гарьд” хэмээх номд өндөр гэгээн Занабазарын улс төр, урлаг шашны үйлийг тус тусад нь товойлгон шинэ баримт материалаар баталгаажуулан харуулсан нь эрдэм шинжилгээ, сургалт заах аргын хувьд цоо шинэ судлагдахуун болсон байна. Ингэснээр түүний тухай, ерөөс шарын шашны тухай бидний үзэж байсан ерөнхий ойлголт,чиг шугамд өнөөгийн үзэл бодлын үүднээс харьцангуй уян хатан хандахыг дуртай ч дургүй ч бий болж байна.Доктор Л.Хүрэлбаатарын гаргаж ирсэн Төвд судлал, эх бичгийн баримт нь өндөр гэгээний тухай, ерөөс монголд орж ирсэн шарын шашны тухай, өнгөрсөн түүхийн үнэлгээг өөрчлөх,бүрэн бололцоог олгохын сацуу “Төвдийн номын багш нарын монголын шашин төрийн тухай дахь эчнээ далд бодлого,ялангуяа төвд ойрдуудын удаа дараагийн явдал,ойрдуудын төвдөд хаан сууж байсан зэргээс үүдсэн түүхийн өс авах хэт холын санаа,ойрдуудыг халхын эсрэг тавих бодлого,монголыг монголоор нь бариулж ар хаягаар нь өөрсдөө манжаас тусгаар гарах гэсэн бодлого зэргийг тухайн үеийн төвд хэлт материал дээр дулдуйдан гаргаж Занабазарын үзэл бодлыг тодорхойлсон байна” /Ширэндэв.тал 5/ Энэ дүгнэлтээс дундад зууны утга зохиолыг заах хандлага,шинэ үеийн утга зохиолд гарч ирсэн өдий төдий түүхэн роман зэргийн учрыг тайлбарлахад үлэмж хэрэгтэй тулгуур суурь баримт юм.Утга зохиолын хичээлтэй холбоотойгоор тодруулан хэлбэл урьд бид зөвхөн иргэнлэг шинжийг нь тусад нь салгаж байсан бол өнөөдөр,шашны ёс зүй,гоо зүй нь ямар нэгэн хэмжээгээр тэр иргэнлэг шинжид нөлөөлсөн байда,түүнийг эрс тэрс ялган зааглаж болохгүй гэдгийг гаргаж өгсөн явдал юм.Дунд сургуулийн 9-р ангид үздэг “Ногоон дарь эхийн тууж”,”Чойжид дагинын тууж зэрэг зохиолуудад гарч буй домог уран сэтгэмжийн уран дүрслэлүүд нь агуулгыг нь гаргаж илэрхийлж байгаа бурханы ном судартай холбоотой гэдгийг л гоо зүйн учир холбогдлын үүднээс нь тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Л.Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарьд” ном нь гарснаар уран зохиолын багш нар монголын уран зохиол нь, түүнийг зохион бүтээгч уран сайхны сэтгэлгээ нь дорно дахины ард түмний уран сайхны сэтгэлгээтэй салшгүй холбоотой байсан,энэ утгаараа дэлхийн уран сайхны сэтгэлгээний нэгэн хэсэг болж байсан гэсэн баримтыг сургалтад ашиглах боломжтой боллоо.Энэ номд монголын утга зохиолын сэтгэлгээнд Ханчин хамбо Жамъянгаравын Буддын гүн ухаан,түүх,уран зохиол,яруу найргийн онолын талаар туурвисан 10-аад зохиолыг орчуулан эрдэм шинжилгээний тайлбар хийж гаргасан нь цоо шинэ материал болон үлджээ.Жамъяангарав буддын утга зохиол улалжлалт ухааны 5 орны ном эрдмийн дотроос ялангуяа “Дуун ухаан”-ны аймаг салбарт хамаарах “Сарасватын дууны судрын” үндэс тайлбар зэрэг самгарди хэл шинжлэлийн сонгодог бүтээлүүдтэй танилцаж,санскрит хэлний найруулга зүйн гол зарчим болох “завсар барилдуулахын 5 эрдмийг” судлан,эртний энэтхэгийн утга зохиолын хэл-сансритыг унших бичиг төвшинд төгс сурсан байна.Улмаар сансрит хэлний шүлэглэл зүйн гол онол болох “эвсүүлэн найруудахын эрдмийг судалж,яруу найргийн онолын бүтээл “Дандийн зохист аялгууны толь”-ийн үндэс тайлбаруудыг харьцуулан үзэж,тухайн чимгийн олон хувилбараар жишээ шүлэг зохион,бас уг онолын зарчмаар,магтаалын зохиол туурвиж,ном зохиолын тахилын болон завсар үеийн шүлэг,төгсгөлийн шүлэг олныг бичжээ”.Дээрх номыг уншсанаар багш нар утга зохиолын уламжлалт нэр томъёо “завсар барилдуулах”,”эвсүүлэн найруулах”зэргийг зохиол дээрээ тайлбарлан ойлгуулах боломжтой болдог ба үүнийг дундад эртний сонгодог зохиолын дуртай зохиол дээрээ хийж болно дорно дахины ард түмний утга зохиолын түүхийн үзэлгүй хөтөлбөртэй холбож өгөх бололцоотой болно.

Эх бичиг судлалын зарчмыг сургалтанд хэрэглэхдээ зохиолтой холбогдолтой ,зохиолчтой хамаатай захидал,дурсамж,дахин хийсэн засвар,эсвэл шал өөр шалтгаанаар зохиолд орсон засвар зэргийг онц сонирхолтойгоос нь хүүхдүүдэд уншиж өгвөл хичээлийн үр дүн өндөр байж сонирхолтой болох юм. Тухайлбал Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужийг задлан ярилцадаа, зохиол уншсаны дараагаар зохиолчийн өөрийх нь уг туужаа хэрхэн бичсэн дурсамжийг уншиж өгвөл зохиолын агуулга, үзэл бодол бүр тод болох юм. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн “уншигчдын асуултанд хариулах дашрамд”гэдэг өгүүлэлд би нэвсгэр зохиолоо бариад /Гологдсон хүүхэн/Цэвээн гуайнд очиж үзүүлэв.Хүн хайхрахгүй байна гэж хэлэв.Цэвээн гуай хэлж байна.Анх уран зохиол бичсэн туршлага сүүлд сонин баримт болов.Үүнийгээ номын санд өгөөд хадгалуулчих гэв.Цэвээн гуай үг зөв байсан боловч би сайн ойлгосонгүй,мөн урамгүй буцлаа.Би зохиолоо Шагж багшид өгөв.Хэд хоногийн дараа Шагж багш уншаад үгсийн алдаа мадгийг засаад сонин болсон байна гэж магтав.Би тэгэхээр нь зориг орж Үйлдвэрчний төв зөвлөлийн машины бичээч Пагмажаваар машиндуулав.Зохиолыг машиндуулж байх завсар Үйлдвэрчний зөвлөлийн нарийн бичгийн дарга Цэндсүрэн, албан хаагчдын зөвлөлийн дарга Дамдин өөрсдийн сайн дураар уншсан байлаа. Ямар болж бэ? гэж тэднээс асуув. Тэд хэлэв. Ямар болсныг би мэдэхгүй. Ер нь нэг уншиж дутуу орхиж болохгүй дуустал уншаад баймаар юм гэв. Эдэнд миний зохиол сонирхогдсон бололтой гэж бодоод урам орлоо. Би зохиолоо тус бүлгэмийн гишүүдэд зохиож өгөв. 10 хориод хоног болсны дараа миний зохиолыг нэлээд хүн уншсан бололтой, магтаалын үг сонсдог боллоо. Эвлэлийн Төв Хороонд ажиллаж байсан Раднаабазарын Жамсран магтаж байна. Коминтерний төлөөлөгч Амгаа магтаж байна. Би ч биеэ тоож сагсуурах шахаж явлаа. Түүнийг тусгай ном болгоно гэж хэлэлцэж ярилцав. Энэ зохиол бол анхны туршлага учраас олон дутагдалтай болсон юм. Жишээ нь муу талын нэг баатрыг чинээлэг ард Болдоор үзүүлэхийн оронд феодал ангийн хүмүүсээр үзүүлсэн болбол зохистой байхсан. Тэр үед шинэ нийгэм байгуулах тэмцлийг голчлон эсэргүүцэж байсан этгээд нь хуучны ноёд түшмэд байсан юм.

Чинээлэг ард түмэн бол феодал ангийн тулгуур биш ардын ангийн доторх хэсэг юм.

Бас зохиолын гол баатар Долингорыг улс төрийн тэмцлээс зайлуулан, хөдөө бөглүү газар явуулсан бөгөөд түүнийг идэвхтэй тэмцэгч болгож чадаагүй нэг дутагдал бий. Бас амьдралыг тодорхой бичиж чадаагүй ерөнхий үгээр өнгөцхөн бичсэн зэргийн олон дутагдал байлаа.

Миний дараахь зохиол “Буурал ээж” гэдэг шүлэгт бас нэг зорилгыг тавьсан юм. Тэр үед манай эцэг эх болсон хүмүүс үр хүүхэдээ эрдэм номд сургахын чухлыг сайн ойлгодоггүй байсан. Монгол бичиг үсэг сурвал эрдмийн туйл гэж боддог байлаа. Бага дунд сургуульд явж, монгол бичиг уншиж, бичиж чадах болсон хүүхдийг цааш нь юунд сургах вэ гэдгийг нэлээд хүн ойлгохгүй байлаа. Ийм учраас бичээч түшмэлийн ажил хийж байсан миний бие сургуульд явсан явдал бол манай нутгийн хүмүүст ер ойлгогдохгүй хачин хэрэг болсон юм. Зарим хүн намайг сургуульд явах биш, дэмий тэнж яваа гэж манай эхэд хэлдэг байжээ. Энэ буруу үзлийг эсэргүүцэж залуучуудыг залууд нь эрдэм сургах хэрэгтэй гэсэн санааг олонд хялбар ойлгогдох хэлбэрээр бичихийн тулд тэр захидлыг бичсэн юм.

Хожим 1944онд “Солийг сольсон нь”гэдгийг бичихдээ “Гологдсон хүүхнээс”өөр зорилго тавьсан энэ үе бол “Гологдсон хүүхнийг” бичих үеэс бүр өөр үе байсан юм.”Гологдсон хүүхэн”-ий үед бол Цэрэн хүүхэн хөдөөнөөс гарч ирсэн нь түүний эрх чөлөөгөө олох зам байсан бол Соль хүүхний хувьд ардын эрхт ёс журам хөдөөгүй нийтэд дэлгэрч батажсан тул хөдөө нутагтаа малаа маллаж эрх чөлөөтэйгээр амьдарч, улс түмэндээ тустай хэргийг бүтээж болох бөгөөд тэгэхдээ хотод алба хаасан хүнээс дутаагүй тусыг хүргэж болно гэсэн санааг нэвтрүүлэхийг оролдсон юм.Дараа нь “Бух Гомбыг” бичихдээ хөдөөгийн малчин хүмүүст хотын албан хаагчдаас давуу тал байхыг үзүүлэхийг оролдсон юм.Энэ өгүүллэгт гол зорилгоо хурцаар тавьсан учир олон эсэргүүцэл гарсан билээ.

Эх бичиг судлалд хамаарч байгаа эдгээр нь гар ноорог,захидал,дурсамж, судалгааны зүйлүүдийг бүгдийг нь олж үзэх нь судлаачаас ямар ялгаатай бэ гэвэл,нэгэнт судлагдсан,бэлэн болдсон материалыг л сургалтад эрдэм шинжилгээний анализ хийж та нарын өмнө тавих ёстой.

Эх бичиг судлалын зарчмыг сургалтад хэрэглэх нь маш олон янз байж болно.Олон янз төрлийн материалтай ч харьцдаг.Чухам яаж,хэрхэн ашиглах нь багш хувь хүн бүрийн эрмэлзэлээс хамаарах хэрэгтэй.

Эх бичиг судлал гэдэг шинжлэх ухаан нь манай утга зохиол судлалд буй болж хөгжсөн нь саяхан боловч түүнийг эмх цэгц,тогтолцоотойгоор сургалтад ашиглах нь өнөөгийн шаардлагаас зайлшгүй урган гарч байгаа зүйл.Магадгүй зарим багш нар ийм аргаар зохиолыг задлан уран сайхны чадварыг нь тодорхойлдог ч байж болно юм.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

хүрэлбаатарын номыг олж авсан. үнэхээр хэрэгтэй санагдсан багш нар аа

oy (зочин)

tsaash ni arguudaas

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)