Бодит чадвар : Үнэлгээний санаа

Үнэлгээний санаа

Дарамын Батбаяр

Өнө мөнхийн хэлхээ”бичил өгүүллэг

Нэгдүгээр хэсэг

Зуны дунд сард хангай дэлхий үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ.Тансаг үнэр, гоёмсог өнгө бие биесдээ нэвчин шингэж нэгэн ер бусын сайхныг бүрдүүлнэ.

Яг энэ үеэр алтан гургалдай донгодож эхэлнэ. Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор ийнхүү цогцлон жигдрэхэд мөнөөх ер бусын сайхныг дутуу бүхэн тэгширч, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.

Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ

Алтан гургалдайн дуунд

Агт морьд сульдана.

Хэмээх ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увидас нь бишрэл төрүүлнэ.

Алтан гургалдайн дууны сайхныг энэнээс илүү уран хэлж боломгүй санагдан”Юутай гайхамшиг” хэмээн өөрийн эрхгүй уулга алдана.

Хоёрдугаар хэсэг

Алтан гургалдайн жиргэх дуун сая сэтгэлийн гүнд хүрнэ.Ардын энэ дуу байгаагүй бол эх нутгийнхаа сайхнаас нэгий нь би дутуу мэдрэх байж.Эх нутгийн сайхнаас нэгий нь дутуу мэдэрсэн бол эгнэгт монголоо гэх сэтгэл минь энэ л анзааны дутуу байх байж.Эцэг өвгөд маань ертөнцийн сайхан юм үзэж, сайхан юм сонсож, ариун сайхан үйл бүтээж явахыг урт наслахын үндэс гэж үздэг.Алтан гургалдайн сууж донгодсон модноос адис авсан хүн урт насалдаг ч гэж ярьдаг.Нээрээ ч орчлонгийн сайхныг үзэж, сонсож, мэдэрч яваа хүн богино наслахын учиргүй.Урт насална.Урт насалж гэмээнэ эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрч, эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж хойч үедээ өгнө.

Хангай дэлхий цэцэглэхэд үнэр дутсан бол алтан гургалдай жиргэхгүйбайх байсан.Алтан гургалдай жиргээгүй бол ардын дуу гарахгүй байх байсан. Ардын дуу байгаагүйсэн бол эх нутаг гэж байхгүй байх байсан.Эх нутаг гэж байхгүй байсан бол амиа өгөх юм надад байхгүй байх байсан. Амиа өгөх юм байхгүй байсан бол амьдрал гэгч утгаа алдах байсан.

Юм бүхэн хоорондоо үндэс мөчир хоёр шиг холбоотой. Салгаж болшгүй өнө мөнхийн хэлхээтэй.

1 р асуулт.

a) Маш их үзэсгэлэнтэй гэсэн санааг энэхүү зохиолын нэгдүгээр өгүүлбэрт ямар үгээр илэрхийлсэн бэ?

Туйлд хүрнэ

b) 1-р хэсэгт зохиогчийн дурдсанаар түүнийг сэтгэлийг хөдөлгөсөн зүйл нь юу байсан талаар тайлбарлана уу?

1) Алтан гургалдайн жиргээ

2) Зуны байгаль улирлын хамгийн сайхан үе

3) Ардын дууны гайхамшиг

Дээрх санаа бүрт 1 оноо өгнө, харин өөрийн үгээрээ оновчтой, зөв, сайн тайлбарлавал нэмж 1 оноо, зохиолын хэсгийг бүхэлд нь орхисон бол зөвхөн 1 л оноо өгнө.

c) Урт насалж гэмээнэ эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрч, эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж хойч үедээ өгнө.гэсэн өгүүлбэрт үйлд өртөж буй юмыг заасан үгийг олно уу?

Гайхамшиг, өв

d) Орчлонгийн гайхамшиг болон хувирч байгаа зүйлийг өгүүллэгээс олж бичнэ үү?

А.Өнгө, үнэр, дуу гурав

Б. Өнгө, үнэр , дуу гурваас ер бусын сайхан бүрдэнэ

В. Ер бусын сайхнаас орчлонгийн гайхамшиг бүрдэнэ

Бичсэн санаа бүрд 1 оноо өгнө.

e) Зохиолч ардын дууны гайхамшгийг мэдрэн өөрийн эрхгүй уулга алдан буй сэтгэлийг өөрийн үгээр тайлбарлана уу?

Зун цагийн байгалийн сайхан шувуудын жиргээн энэ бүхнийг илэрхийлсэн ардын дуу Ардын дууны утга учрыг ухаарч ойлгож байгаа байдал ардын дуу бол гайхамшиг

Дээр дурдсан зүйлийн аль алинд нь нэг нэг оноо өгнө, сэтгэл санааны байдлыг дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн тохиолдолд нэг оноо нэмж өгнө. Бичих ёстой санааг бүрэн гүйцэд гаргаагүй нийтэд нэг оноо өгнө.

f) Зохиолч ардын дууны өнөө үе хүртэл өвлөгдөн ирж чадсаныг тайлбарлахын тулд “мартагдахын далай” гэсэн үгийг ашигласан. Яагаад зохиолч энэ үгийг ашигласан гэж та бодож байна вэ?

Аливаа юм бүхэн мартагддаг 1 оноо

Цаг хугацаа бүхний шалгуур 1 оноо

Цаг хугацааг туулсан 1 оноо

Далай бол цаг хугацаа 1 оноо

Хосгүй гайхамшиг- цаг хугацаа 1 оноо

g) “Ардын энэ дуу байгаагүй бол ............ 16-19 дахь мөрийг дахин уншина уу. Зохиогчийн ухаарлыг илэрхийлсэн санааг ол.

Санаагаа өөрийн үгээр тайлбарлана уу?

1. Ардын дууны гайхамшиг

2. Ардын дуу эх нутаг хоёр бол хэзээ ч салшгүй

3. Ардын дууны сайхнаас эх нутгаа мэдрэх

4. Эх нутгийн сайхныг бүрэн мэдэрсэн нь ардын дууны ач

5. Монголоо гэх сэтгэл ардын дуунаас эхтэй

6. Эх нутгаа дутуу мэдэрвэл монголоо гэх сэтгэл бага байна.

7. Монгол хүн гэдэг монголоо гэх бүрэн дүүрэн сэтгэлтэй байх ёстой.

8. Эх нутгийнхаа өчүүхэн жижиг юмны ч гэсэн сайхныг мэдэрч чаддаг хүнийг жинхэнэ монгол хүн гэнэ

Тайлбарласан хэллэг бүрт 1 оноо өгнө, уран дүрсллэийн ахиуллын аргыг онцлон тайлбарласан бол нэмэлт 1 оноо өгнө. Аливааг ухаарах монгол хүний ухааныг чухалчлан үзэж, гаргасан санаа бүрт 1 оноо өгнө, харин зөвхөн тайлбарласан бол 1 оноо өгнө.

h) .Алтан гургалдайн сууж донгодсон модноос адис авсан хүн урт насалдаг ч гэж ярьдаг гэсэн хэсгийг өөрийн үгээрээ тайлбарлана уу?

Өөрийн үгээр санааг бүрэн гаргаж, тайлбарласан тохиолдолд 2 оноо, санааг дутуу гаргасан тохиолдолд 1 оноо өгнө.

i) Богино наслах, урт наслахын үнэ цэнийг өөрийн үгээрээ тайлбарлан бичнэ үү?

Сонирхол нь түүний сэтгэгдлийг хөдөлгөдөггүй ч тэрээр сонирхолдоо тууштай.

Зохиолчийн санааг өөрийн үгээр бүрэн гаргаж, тайлбарласан тохиолдолд 2 оноо, санааг дутуу гаргасан тохиолдолд 1 оноо өгнө.

Ер нь “муу амьд явснаас сайн үхсэн нь дээр “гэсэн хэллэгийн утга санааг оруулж тайлбарлавал 2 оноо

Богинохон хугацаанд амьдарсан ч гэлээ утга учиртай явах нь амьдралын үнэ цэнэ юм гэснийг дэлгэрүүлэн тайлбарлавал 2 оноо

j) Өгүүллэгийг дахин уншаад “аливаа юм үндэс мөчир шиг холбоотой “гэсэн санааг гаргасан товчхон дүгнэлт бичнэ үү? (50-70 үгтэй жижиг эх бич)

Гаргасан санаа бүрт 1 оноо, хамгийн ихдээ 7 хүртэл оноо өгнө.

Нэгдүгээр асуултанд өгөх нийт оноо: 30 оноо

2-р асуулт

Та өөрийгөө намрын салхи сэржигнэж, навчис ганц нэгээр хаялан буй нэг сайхан өдөр голын захад сууж байгаагаар төсөөлнө үү?

Өөрийн төсөөллөө бичнэ үү. Үүндээ

· Навчис яагаад шарлан гандаж байгааг тайлбарлана уу

· Байгаль хүртэл шарлан өөрчлөгдөж байхад хүмүүс бид хүртэл түүнийг дагаад өөрчлөгдөж байгааг бичнэ үү

· Шувуудын уйтай ганганааг сонсоод хэн нэгнийг хүсэмжлэн буй сэтгэлийн мөрөөсөл

· Намрын улирлын сайхнаас амьдралыг ухаарч байгаа ухаарал

· Д.Нямсүрэнгийн”Дөрвөн цаг” шүлэгт буй “Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан”

· Нүүдлийн шувуу шиг хүмүүс алс хол эрдэм сурахаар тэмүүлэн явах

Зохиолоос уншсан зүйл дээрээ тулгуурлан төсөөллөө бичнэ, гэхдээ санаа хуулбарлаж болохгүй.

Бичих зүйлийнхээ зайг хуваарилан 1 нүүр, нүүрийн тал дээр бичих хэрэгтэй.

Хариултын агуулгаас нь хамаарч 10 хүртэл оноо өгнө, бичвэрийн чадварт нь 10 оноо өгнө.

Хийж гүйцэтгэх ажилд өгөх ерөнхий санамж

Өөр хүний өнцгөөс харж, үйл явдлын өмнөх болон дараах байдлыг ойлгомжтойгоор тайлбарлаж, харуулсан бол хамгийн сайн хариулт гэж үзнэ. Зориудаар санааг дурьдаагүй орхиод, логикоор тайлбарласан байж болно. Өгөгдсөн эх материалд найдан, санаа авч, бусдын санааг хуулбарласан бол хангалтгүй хариултанд тооцно. Мөн тухайн зохиолтой хамааралгүй, ойлгомжгүй, итгэж, үнэмшмээргүй гэсэн санаа нэмж оруулан, үндсэн санааг орхигдуулсан байвал хангалтгүй хариулт гэж үзнэ.

Тохирсон үг хэллэгээр нь бичнэ.

2-р асуултанд тавигдах шалгуур үзүүлэлт

Уншлага (тухайн тарааж өгсөн материалыг ойлгож, ажиллах)

10 хүртэлх оноог өгөхийн тулд доорх хүснэгтийг ашиглана уу.

Голч үнэлгээ 1

9-10

Тухайн өгүүллэгээс бодит хэсгээс хэд хэдэн авч , баяжуулсан бичих

Өөрийн сэтгэгдэл болон гаргасан санаагаа баяжуулсан ашиглаж байгаа байдал

Голч үнэлгээ 2

7-8

Тухайн эхээсээ хэд хэдэн санааг авч, өөрийн ойлгож буй байдлыг харуулж байгаа байдал

Юу болж болох вэ? гэсэн санааг ойлгож, нэгтгэх

Голч үнэлгээ 3

5-6

Эхээс хэд хэдэн санааг давтах, юу болсон талаар давтах.

Тухайн асуулт, унших хэсгийг л чухалчилж үзэх, гэхдээ тараах материалыг хөнгөвчлөх бөгөөд хэсэгчлэн ажилладаг

Голч үнэлгээ 4

3-4

Тайлбар өгөхөөс илүү эхийг дахин өгүүлэхэд чиглэгддэг

Юу болсон талаар энгийн тайлбарыг өөрийн санаагаа нэмж бичдэг

Голч үнэлгээ 5

1-2

Эхийг давтан өгүүлж, холбогдох баримтыг тусгаж өгнө.

Тухайн өгөгдсөн эх бичвэрийг ашиглахдаа тайлбар оруулалгүй, үл ойлгосон жишээг дурьдсан тохиолдолд өгнө.

Голч үнэлгээ 6

0

Маш бага, холбогдолгүй зүйл бичвэл 0 оноо өгнө. Тухайн өгөгдсөн даалгавар, эх бичвэрийг буруу ойлгосон байх тохиолдолд өгнө.

Б. Бичих хэсэгт өгөх оноо (үндсэн түвшин )

10 хүртэлх оноог өгөхийн тулд доорх хүснэгтийг ашиглана уу.

Голч үнэлгээ 1

9-10

Өгүүлбэрийг бүрэн дүүрэн бөгөөд баялаг үгстэйгээр бичих. Ерөнхий бүтэц сайн ба өгүүлбэрүүд нь дэс дараалал сайтай байх. Өгүүлбэрээ зөв төгсгөх, алдаа нь давтагдаагүй ба цөөн байх. Тохирох хэллэгийг оруулж, тогтмол ашигласан байдлыг харгалзан өгнө.

Голч үнэлгээ 2

7-8

Өгүүлбэрүүд нь зөв бөгөөд харьцангуй энгийн байх. Оновчтой үгсийг сонгон, зөв ашиглах. Зарим өгүүлбэрт жижиг алдаа байж болно, гэхдээ уг алдаа давтамж багатай бөгөөд цөөн байх хэрэгтэй. Тохирох үг хэллэгийг сонгоход туслах түлхүүр үгс байгаа.

Голч үнэлгээ 3

5-6

Өгүүлбэрийн бүтэц болон үгс нь энгийн байх. Гэхдээ утгад нь ямар нэг хоёрдмол санаа байхгүй, дэс дараалал нь зөв, алдаа нь давтагдаж болох ч утгад өөрчлөлт оруулж болохгүй. Тохирох үг хэллэгийг сонгох оролдлого бий.

Голч үнэлгээ 4

3-4

Хариултаа маш энгийн бичсэн бөгөөд утгыг гажуудуулсан жишээ татсан байх. Гол төлөв өгүүлбэрийн бүтцийн дарааллыг баримталдаг. Утгыг өөрчлөхүйц, ноцтой алдаа гаргасан байх.

Голч үнэлгээ 5

1-2

Хариулт нь ойлгоход хэцүү. Дүрмийн алдаа их гаргасан нь утгыг гажуулахад хүргэсэн байх.

Голч үнэлгээ 6

0

Хариулт нь ойлгомжгүй байх.

2-р асуултын нийт 20 оноог уншлага болон бичих дасгалын ажилд өгнө.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
н.Даваажав (зочин)

боломжийн

Цогзолмаа (зочин)

Уншлаа бас бодож үзлээ.ер нь хийх зүйл ч их байна даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)