Бодит чадвар : 7-р ангийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийн хөтөлбөр

Долоодугаар анги

Монгол хэл

Уран зохиол

Монгол бичиг

Унших

1. Аян замын тэмдэглэл, хөрөг найруулал, богино өгүүллэг, товч танилцуулга илтгэх хуудас зэрэг эхийг уншиж судлан, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар эхийн сэдэв, утга, гол санааг тодорхойлж, шинэ мэдээлэл, содон сонин дүрслэл, гадаад, дотоод шинж, хувирал өөрчлөлтийг дүрсэлсэн арга хэрэглүүрийг илрүүлж, тоочиж дүрсэлсэн эхийн онцлогийн талаар мэдлэг, ойлголттой болно.

2. Эхээс өөрт хэрэгтэй чухал хэсэг болон зохиогчийн өвөрмөц үг хэллэг, дүр дүрслэлийг олж тайлбарлан, эхийн утга, гол санааг амьдралд тохиолдсон үйл явдалтай холбож, эхэд үнэлгээ хийж сурна.

3. Уншсан эхээс тооны нэр, тэмдэг нэр, дуурайх ба дүрслэх үгийн хэрэглээ, адилтгал, ихэсгэл, багасгал, амьдчилал зэрэг уран дүрслэлийг ажиглах, дүгнэлт гаргах, санал бодлоо хэлэх, хэлэлцэх замаар найруулгын үүрэг, утга, хэлзүйн шинжийг тодорхойлж сурна.

4. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлах; хэлэх аялга, зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл ашиглан өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбож найруулан бичиж сурна.

5. Эхээс эсрэг ба ойролцоо утгатай зэрэгцсэн үгийн найруулгын үүргийг тодорхойлж, найруулгад зөв сонгон хэрэглэх ойлголттой болно.

6. Эх, өгүүлбэрийн найруулгыг судалж, үг буруу хэлбэржүүлсэн, оновчгүй сонгосон зэрэг алдааг таньж, учрыг тайлбарлан, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвар эзэмшинэ. 

1. Ерөөл магтаал, сургаалын болон уянгын яруу найраг, туульсын найраглал, түүх домог, хууч яриа, туурь, өгүүллэг, дэлхийн сонгодог өгүүллэг зэргээс сонгон уншиж ойлгох, мэдэрч тусган хүлээн авах чадвараа хөгжүүлнэ. Уран зохиолыг сонгон унших, тусган хүлээж авах дадал хэвшил, үндэсний хэл, соёл, ёс заншлыг хүндэтгэн суралцаж, эх оронч үзэл хандлагатай болно.

2. Зохиолын өгүүлэгдэхүүний бүтэц (эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал), холбоо хамаарлыг дүрийн үйлдлээр нь хөөн тайлбарлаж, үйл явдлын орчин, нөхцөл байдал, дүрийн зан төрх, бодол санаа, үйлдэл, үг яриаг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв, гол санаа, далд утгыг тодорхойлон дүгнэж, үзэл бодлоо илэрхийлж сурна.

3. Зохиолын үгийн сангийн онцлогийг судлахдаа уран дүр бүтээсэн үг хэллэгийн сонголт, уран дүрслэл (амьдчилал, хэтрүүлэл, адилтгал)-ийн үүрэг, хэрэглээг шинжлэх замаар үгийн баялгаа нэмэгдүүлж хэрэглэх, үгийг оновчтой сонгохын ач холбогдлыг ухаарч, эдгээр уран дүрслэлийг хэрэглэж сурсан байна.

1. Ялгах ёсны дагуу дуудлага бичлэг зөрүүтэй үгсийн хэлбэр, утгыг харьцуулан судлах аргаар үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг унших чадвартай болно.

2. Урт, хос эгшгийг гурван байрлалд илрэх зүй тогтлын дагуу үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв уншиж, тайлбарладаг болно.

3. Гадаад үг бичих, үсгийн дүрмийг судлан суралцсанаар гадаад үг бүхий эхийг шударга уншдаг болно.

Бичих

1. Унших агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан аян замын тэмдэглэл, хөрөг зэргийг зохиож бичихдээ уран дүрслэл, хэлц; танилцуулга, илтгэх хуудас бичихдээ баримт нотолгоо, жишээ оруулан тоочин дүрсэлж бичнэ. Бичихдээ хэнийг төлөөлөн, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн бичихээ шийдэж, мэдрэмж, сэтгэгдэл, өнгө аяс оруулан бичих чадвар эзэмшинэ.

2. Гадаад ба дотоод шинж, үйлийн хувирал өөрчлөлтийг дүрслэн тоочиж бичиж сурна. Ингэж бичихэд ямар?, аль?, хэрхэн?, яаж?, ямархуу?, яасан? зэрэг асуулт эхийн санаагбүрэн илэрхийлэхэд чухал болохыг ойлгож мэднэ. Түүнчлэн сэдэв, гол санаанд тохируулж, эхийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийг уялдаа холбоотой илэрхийлэх, адилтгал, ихэсгэл, багасгал, амьдчилал зэрэг уран дүрслэл, хэлц ашиглан бичих чадварт суралцана.

3. Эхийн сэдэв, утгад тохирсон үг, уран дүрслэл, хэлцийг оновчтой сонгож, зөв холбож, зөв байрлуулж найруулан бичнэ.

4. Өөрийн болон бусдын зохиосон эхийг уншиж, тодруулан асууж ойлгох, сайжруулах санал хэлэх, саналыг тэмдэглэх, зөвлөх, хэлэлцэх, бусдын санааг тусган сайжруулах замаар ойлголцох, хамтарч ажиллах чадвараа хөгжүүлнэ.

5. Үгийн бүтцээс бүтээврийг ялгаж танин, тэдгээрийн нийлцийг зөв бичих, тэмдэг үсгийн тусгаарлах, зөөлрүүлэх үүргийг таньж зөв хэрэглэх, хам сэдэвт тохируулан үгсийг утгаар ялган зөв бичиж сурна.

1. Зохиолд дүр, орчин нэмэх, харилцан яриа оруулах зэргээр дэлгэрүүлж бичнэ.

2. Уншсан зохиолын сэдэв, гол санаа, тодорхой дүр, дүрслэлийн талаарх мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ бичихдээ уран дүрслэл ашиглахаас гадна үндэсний хэл, соёл, ёс заншлын үнэт зүйлсэд хүндэтгэлтэй хандаж байгаагаа харуулна.

3. Хүн, юм, үзэгдлийн гадаад мөн чанарыг дүрслэн магтах, ирээдүйд хандаж сайн сайхныг хүсэн ерөөх дүрслэлийн аргаас суралцаж шүлэглэнэ.

1. Кирил галигаас монгол бичгээр өгүүлбэр, бичил эхийг хөрвүүлэн бичих чадвар эзэмшинэ.

2. Бичмэлээс дармал,дармалаас бичмэл хэлбэр лүү харьцуулан бичиж сурна.

3. Урт болон хос эгшгийг тэмдэглэдэг зүй тогтлыг мэдсэнээр урт, хос эгшигтэй үгийг зөв бичиж сурна.

4. Үйл үгийн язгуурыг тодорхойлох замаар холбох ёсны дагуу цагаар төгсгөх нөхцөлөөр хувилган бичиж сурна.

5. Сурах бичгийн хүрээнд байгаа гадаад үгийг зөв бичдэг болно.

6. Толь бичиг ашиглан кирилээс монгол бичигт хөрвүүлэх чадвартай болно.

Ярих- сонсох

1. Сургууль, анги хамт олны хүрээнд тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн ярьж таниулахаа шийдэж, сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах,санааг нэгтгэх, бусдын яриаг ойлгох, асуулт асууж тодруулах, саналаа хэлэх чадварт суралцана. 

2. Хэлэлцүүлгийн явцад баталж нотолж, дэмжиж, үгүйсгэж ярих чадвар эзэмшиж, ойлголцон, үзэл бодлоо нэгтгэж сурна.

1. Зохиолын дүрийн талаар ярихдаа зохиолын үг хэллэг, уран дүрслэл болон үндэсний хэл, соёл, ёс заншлын үнэт зүйлсийг жишээ баримт, эшлэл ашиглан сонирхол татаж, сэтгэлд хүрэхээр ярина.

2. Зохиолын гол санаа, дүрийн зан төрхийг ойлгож мэдэрснээ дүр бүтээж харуулна.

3. Шүлэг, зохиолоос сонгон чээжилж, дуу хоолойн өнгө, аялга хэмнэл, биеийн хөдөлгөөнийг тохируулан уран уншиж сурна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ЭРДЭНЭЧИМЭГ (зочин)

сайн уу.7-р ангийн тал нь харагдахгүй байна аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)