Бодит чадвар : 6-7-р ангийн хөтөлбөрийг дахин нийтэлж байна

6-7-р ангийн хөтөлбөрийг дахин нийтэлж байна

Зургаадугаар анги

Монгол хэл

Уран зохиол

Монгол бичиг

Унших

1. Алдартай хүмүүсийн захидал, намтар, өдрийн тэмдэглэл, болсон явдал, үйл явдлын мэдээ, богино хэмжээний үлгэр домог, өгүүллэг зэрэг нийтлэлийн эхийг уншиж судлан, утга бүтцийг нь задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар эхийн сэдэв утга, гол санааг тодорхойлж, хүүрнэмж эхийн онцлогийн талаар мэдлэг, ойлголттой болно.

2. Эхээс өөрт хэрэгтэй чухал хэсгийг олж, шалтгааныг нь тайлбарлан, эхийн агуулга, утга санааг амьдралд тохиолдсон үйл явдалтай холбож сурна.

3. Уншсан эхээс жинхэнэ нэр, үйл үг, орон цагийн нэр болон нэрийн тийн ялгал, биед ба эзэнд хамаатуулах, үйлийн цагаар төгсгөх болон тодотгон холбох нөхцөлийн хэрэглээг ажиглаж, ярилцах замаар найруулгын үүрэг, хэлзүйн шинжийг тодорхойлж сурна. Түүнчлэн, үйл явдлыг өрнүүлэн бичихэд цаг хугацаа, орны утгатай үг хэллэг, үйлийн цагаар төгсгөх нөхцөл, цагт нэрийн дагаврын үүрэг чухал болохыг баталж тайлбарлана.

4. Өгүүлбэрийг холбоо үгээр задалж, хэн/юу?, хэнийг/юуг?, яав? гэсэн асуултаар өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд тусагдахуун гишүүнийг олох замаар цөм ба дэлгэрэнгүй бүтцийг ялгаж сурна. Энгийн өгүүлбэрийг хурааж, дэлгэрүүлж сурна.

5. Эхийн хэл найруулгыг судлах явцад эсрэг ба ойролцоо утгатай үгийн найруулгын үүргийг тодорхойлж, бичиж найруулахдаа хэрэглэж сурна.

6. Эх, өгүүлбэрийн найруулгыг ажиглаж, үг илүүдсэн, давтсан зэрэг алдааг таньж, учрыг нь тайлбарлан, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвар эзэмшинэ.

1. Монгол аман яруу найргийн богино хэлбэрүүд, домог, үлгэр, сургаалын болон уянгын яруу найраг, “Үг” зохиол, өгүүллэг, дэлхийн шилдэг зохиол зэргээс сонгон уншиж ойлгох, мэдэрч тусган хүлээн авах чадвараа хөгжүүлнэ. Уран зохиолыг сонирхон уншиж, өөрийн болон бусдын соёл, үнэт зүйлийг хүндэтгэж сурна.

2. Зохиолыг өгүүлэгдэхүүний бүтэц (эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал)-ээр задалж, үйл явдлын орчин, дүрийн зан төрх, бодол санаа, үйлдэл, үг яриаг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв, гол санааг тодорхойлон, үзэл бодлоо илэрхийлж сурна.

3. Зохиол дахь зарим онцлог үг хэллэг сонгосон шалтгааныг тайлбарлах, уран дүрслэл (амьдчилал, хэтрүүлэл)-ийн үүрэг, хэрэглээг тодорхойлох замаар үгийг оновчтой сонгохын ач холбогдлыг ухаарч ойлгоно.

1. Цагаан толгойн үсэг, битүү ба задгай үеийг нүдлэн тогтоож, үг, өгүүлбэрийг эгшиг зохицох ёсны дагуу галиглан уншиж, ойлгох

2. Га,гэ-үсгийн бичлэг, дуудлагын ялгааг мэдэж, эр, эм үгийг гадаад хэлбэрээс нь ялган таних замаар зөв дуудан унших

3. Эгшгийн гурван байрлалаар гийгүүлэгч амилуулах аргаар дармал, бичмэл эхийг уншиж сурна.

Бичих

1. Хүүрнэмж эхийн талаар эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан үйл явдлыг хүүрнэн бичиж сурна. Захидал, намтар, өдрийн тэмдэглэл, бага насанд нь тохиолдсон явдал, үлгэр зэргийг зохиож бичихдээ өдөр тутмын амьдралын асуудлаар хэнийг төлөөлөн, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн бичихээ шийдэж, тухайн сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах, сонгох, мэдрэмж, сэтгэгдэл, санаа бодлоо оруулан нэгтгэх замаар зохион найруулж бичиж сурна.

2. Эх зохиохдоо үйл явдлыг цаг хугацааны дарааллаар өрнүүлэн энгийн, ойлгомжтой бичиж сурна. Ингэж бичиж сурахад хэн/юу?, хэзээ?, хаана?, хэнийг/юуг?, яагаад?, яав? гэсэн асуултууд эхийн санааг бүрэн илэрхийлэхэд чухал болохыг ойлгож мэднэ. Түүнчлэн сэдэв, гол санаанд тохирсон үйл явдлыг онож сонгох, эхийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийг уялдаа холбоотой илэрхийлэх, эх, өгүүлбэрт хэлц, харилцан яриа оруулж бичих бичих чадвартай болно.

3. Эхийн сэдэв, утгад тохирсон үг хэллэгийг зөв сонгож, зөв холбож, зөв байрлуулж найруулан бичнэ.

4. Өөрийн болон бусдын зохиосон эхийг уншиж ойлгох, тодруулан асуух, сайжруулах санал хэлэх, саналыг тэмдэглэх, зөвлөх, хэлэлцэх, бусдын санааг тусган сайжруулах зэргээр ойлголцох, хамтарч ажиллах чадвараа хөгжүүлнэ.

5. Үгийн бүтцээс бүтээврийг ялган таниьж, тэдгээрийн нийлцийг зөв бичих, тэмдэг үсгийг тусгаарлах, зөөлрүүлэх үүргээр зөв хэрэглэх, хам сэдэвт тохируулан үгсийг утгаар ялган зөв бичиж сурна.

1. Уншсан зохиолын үйл явдлыг дүрийн үйлдэл, гол санаагаар товчилж бичиж сурна.

2. Уншсан зохиолын сэдэв, гол санаа, тодорхой дүрээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичиж сурна.

3. Шүлэглэсэн зохиолын хэлбэрийг дуурайн бичиж сурна.

1. Үндсэн зурлага, үсгийн тигийг нүдлэн тогтоож, хичээнгүй зөв хуулан бичих, үе, үг, холбоо үг, хялбар үгтэй өгүүлбэрийг сонсоод чээжээр бичиж сурна.

2. Сурах бичгийн хүрээний дуудлага бичлэг зөрүүтэй үгийг кирил галигаас монгол бичигт буулгах, дуудлага бичлэг тохирдог үгийг монгол бичгээр шууд бичих чадвар эзэмшинэ.

3. Дэвсгэрлэх ба үл дэвсгэрлэх ёсыг мэдсэнээр нэр үгийг тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр зөв хувилган бичиж сурна.

Ярих- сонсох

1. Өдөр тутмын амьдралаас тодорхой асуудал дэвшүүлэн хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн ярьж таниулахаа шийдэж, сэдвийн хүрээнд мэдээлэл эрж хайх, сонгох, өөрийн санааг нэгтгэх, ярих зүйлээ төлөвлөж сурахын зэрэгцээ бусдын яриа танилцуулгыг сонсож ойлгох, асуулт асууж тодруулах, саналаа хэлэх чадварт суралцана.

2. Харилцан ярилцахдаа ярианы сэдэв, өнгө аясыг ойлгож, лавлах, тодруулах асуулт асуух замаар харилцан яриаг өрнүүлж сурна. Тухайлбал, орон байр, зүг чиг, байр, байршил заасан үгийг оновчтой хэрэглэж, санаагаа зөв ойлгуулж, харилцан ярилцах аргад сурна.

1. Зохиолын үг хэллэг, уран дүрслэлийг ашиглан, бусдын сонирхлыг татахаар үйл явдлыг ойлгомжтой ярьж сурна.

2. Зохиолын гол санаа, дүрийн зан төрхийг ойлгож мэдэрснээр дүр бүтээж харуулна.

3. Шүлэг, зохиолоос сонгон чээжилж, дуу хоолойн өнгө, аялга хэмнэл тохируулан уран уншиж сурна.


Долоодугаар анги

Монгол хэл

Уран зохиол

Монгол бичиг

Унших

1. Аян замын тэмдэглэл, хөрөг найруулал, богино өгүүллэг, товч танилцуулга илтгэх хуудас зэрэг эхийг уншиж судлан, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар эхийн сэдэв, утга, гол санааг тодорхойлж, шинэ мэдээлэл, содон сонин дүрслэл, гадаад, дотоод шинж, хувирал өөрчлөлтийг дүрсэлсэн арга хэрэглүүрийг илрүүлж, тоочиж дүрсэлсэн эхийн онцлогийн талаар мэдлэг, ойлголттой болно.

2. Эхээс өөрт хэрэгтэй чухал хэсэг болон зохиогчийн өвөрмөц үг хэллэг, дүр дүрслэлийг олж тайлбарлан, эхийн утга, гол санааг амьдралд тохиолдсон үйл явдалтай холбож, эхэд үнэлгээ хийж сурна.

3. Уншсан эхээс тооны нэр, тэмдэг нэр, дуурайх ба дүрслэх үгийн хэрэглээ, адилтгал, ихэсгэл, багасгал, амьдчилал зэрэг уран дүрслэлийг ажиглах, дүгнэлт гаргах, санал бодлоо хэлэх, хэлэлцэх замаар найруулгын үүрэг, утга, хэлзүйн шинжийг тодорхойлж сурна.

4. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлах; хэлэх аялга, зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл ашиглан өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбож найруулан бичиж сурна.

5. Эхээс эсрэг ба ойролцоо утгатай зэрэгцсэн үгийн найруулгын үүргийг тодорхойлж, найруулгад зөв сонгон хэрэглэх ойлголттой болно.

6. Эх, өгүүлбэрийн найруулгыг судалж, үг буруу хэлбэржүүлсэн, оновчгүй сонгосон зэрэг алдааг таньж, учрыг тайлбарлан, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвар эзэмшинэ. 

1. Ерөөл магтаал, сургаалын болон уянгын яруу найраг, туульсын найраглал, түүх домог, хууч яриа, туурь, өгүүллэг, дэлхийн сонгодог өгүүллэг зэргээс сонгон уншиж ойлгох, мэдэрч тусган хүлээн авах чадвараа хөгжүүлнэ. Уран зохиолыг сонгон унших, тусган хүлээж авах дадал хэвшил, үндэсний хэл, соёл, ёс заншлыг хүндэтгэн суралцаж, эх оронч үзэл хандлагатай болно.

2. Зохиолын өгүүлэгдэхүүний бүтэц (эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал), холбоо хамаарлыг дүрийн үйлдлээр нь хөөн тайлбарлаж, үйл явдлын орчин, нөхцөл байдал, дүрийн зан төрх, бодол санаа, үйлдэл, үг яриаг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв, гол санаа, далд утгыг тодорхойлон дүгнэж, үзэл бодлоо илэрхийлж сурна.

3. Зохиолын үгийн сангийн онцлогийг судлахдаа уран дүр бүтээсэн үг хэллэгийн сонголт, уран дүрслэл (амьдчилал, хэтрүүлэл, адилтгал)-ийн үүрэг, хэрэглээг шинжлэх замаар үгийн баялгаа нэмэгдүүлж хэрэглэх, үгийг оновчтой сонгохын ач холбогдлыг ухаарч, эдгээр уран дүрслэлийг хэрэглэж сурсан байна.

1. Ялгах ёсны дагуу дуудлага бичлэг зөрүүтэй үгсийн хэлбэр, утгыг харьцуулан судлах аргаар үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг унших чадвартай болно.

2. Урт, хос эгшгийг гурван байрлалд илрэх зүй тогтлын дагуу үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв уншиж, тайлбарладаг болно.

3. Гадаад үг бичих, үсгийн дүрмийг судлан суралцсанаар гадаад үг бүхий эхийг шударга уншдаг болно.

Бичих

1. Унших агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан аян замын тэмдэглэл, хөрөг зэргийг зохиож бичихдээ уран дүрслэл, хэлц; танилцуулга, илтгэх хуудас бичихдээ баримт нотолгоо, жишээ оруулан тоочин дүрсэлж бичнэ. Бичихдээ хэнийг төлөөлөн, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн бичихээ шийдэж, мэдрэмж, сэтгэгдэл, өнгө аяс оруулан бичих чадвар эзэмшинэ.

2. Гадаад ба дотоод шинж, үйлийн хувирал өөрчлөлтийг дүрслэн тоочиж бичиж сурна. Ингэж бичихэд ямар?, аль?, хэрхэн?, яаж?, ямархуу?, яасан? зэрэг асуулт эхийн санаагбүрэн илэрхийлэхэд чухал болохыг ойлгож мэднэ. Түүнчлэн сэдэв, гол санаанд тохируулж, эхийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийг уялдаа холбоотой илэрхийлэх, адилтгал, ихэсгэл, багасгал, амьдчилал зэрэг уран дүрслэл, хэлц ашиглан бичих чадварт суралцана.

3. Эхийн сэдэв, утгад тохирсон үг, уран дүрслэл, хэлцийг оновчтой сонгож, зөв холбож, зөв байрлуулж найруулан бичнэ.

4. Өөрийн болон бусдын зохиосон эхийг уншиж, тодруулан асууж ойлгох, сайжруулах санал хэлэх, саналыг тэмдэглэх, зөвлөх, хэлэлцэх, бусдын санааг тусган сайжруулах замаар ойлголцох, хамтарч ажиллах чадвараа хөгжүүлнэ.

5. Үгийн бүтцээс бүтээврийг ялгаж танин, тэдгээрийн нийлцийг зөв бичих, тэмдэг үсгийн тусгаарлах, зөөлрүүлэх үүргийг таньж зөв хэрэглэх, хам сэдэвт тохируулан үгсийг утгаар ялган зөв бичиж сурна.

1. Зохиолд дүр, орчин нэмэх, харилцан яриа оруулах зэргээр дэлгэрүүлж бичнэ.

2. Уншсан зохиолын сэдэв, гол санаа, тодорхой дүр, дүрслэлийн талаарх мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ бичихдээ уран дүрслэл ашиглахаас гадна үндэсний хэл, соёл, ёс заншлын үнэт зүйлсэд хүндэтгэлтэй хандаж байгаагаа харуулна.

3. Хүн, юм, үзэгдлийн гадаад мөн чанарыг дүрслэн магтах, ирээдүйд хандаж сайн сайхныг хүсэн ерөөх дүрслэлийн аргаас суралцаж шүлэглэнэ.

1. Кирил галигаас монгол бичгээр өгүүлбэр, бичил эхийг хөрвүүлэн бичих чадвар эзэмшинэ.

2. Бичмэлээс дармал,дармалаас бичмэл хэлбэр лүү харьцуулан бичиж сурна.

3. Урт болон хос эгшгийг тэмдэглэдэг зүй тогтлыг мэдсэнээр урт, хос эгшигтэй үгийг зөв бичиж сурна.

4. Үйл үгийн язгуурыг тодорхойлох замаар холбох ёсны дагуу цагаар төгсгөх нөхцөлөөр хувилган бичиж сурна.

5. Сурах бичгийн хүрээнд байгаа гадаад үгийг зөв бичдэг болно.

6. Толь бичиг ашиглан кирилээс монгол бичигт хөрвүүлэх чадвартай болно.

Ярих- сонсох

1. Сургууль, анги хамт олны хүрээнд тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн ярьж таниулахаа шийдэж, сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах,санааг нэгтгэх, бусдын яриаг ойлгох, асуулт асууж тодруулах, саналаа хэлэх чадварт суралцана. 

2. Хэлэлцүүлгийн явцад баталж нотолж, дэмжиж, үгүйсгэж ярих чадвар эзэмшиж, ойлголцон, үзэл бодлоо нэгтгэж сурна.

1. Зохиолын дүрийн талаар ярихдаа зохиолын үг хэллэг, уран дүрслэл болон үндэсний хэл, соёл, ёс заншлын үнэт зүйлсийг жишээ баримт, эшлэл ашиглан сонирхол татаж, сэтгэлд хүрэхээр ярина.

2. Зохиолын гол санаа, дүрийн зан төрхийг ойлгож мэдэрснээ дүр бүтээж харуулна.

3. Шүлэг, зохиолоос сонгон чээжилж, дуу хоолойн өнгө, аялга хэмнэл, биеийн хөдөлгөөнийг тохируулан уран уншиж сурна.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)